......Салхитын мөнгөний ордод холбогдогчдын гэрээс 1,3 сая доллар буюу 3 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний мөнгийг АТГ-ынхан хурааж авсан. Уг мөнгө нь Монголын шүүх, цагдаа тэргүүтэй хууль хяналтын байгууллагынханыг авлигадахаар Салхитын мөнгөний ордыг булаалдсан Хятадуудын мөнгө байсан гэдэг...
Авлигын зориулалттай энэ мөнгө анхных байгаагүй. Түүний өмнө ч яг ийм хэмжээний мөнгийг Салхитын ордод холбогдогч Хятадууд Монголд оруулж ирсэн байдаг. Тэд мөнгөө Салхитын ордын маргааныг шүүхээр шийдэгдэх явцад нэр бүхий шүүгч тэргүүтэй хууль хяналтынханд өгсөн гэдэг.
Иймээс Монгол улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Салхитын ордын хэрэгт шийдвэр гаргасан 17 шүүгчийн бүрэн эрхийг 2019 оны зургаадугаар сарын 26-ны өдөр түдгэлзүүлсэн билээ.
АТГ-аас уг хэргийг мөрдөн шалгасны эцэст эдгээр шүүгчдээс нэр бүхий 6 шүүгч Салхитын мөнгөний ордын хэргийг шийдвэрлэхдээ авлигал авсан нь хөдлөшгүй тогтоогдсон учраас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.
Эдгээр зургаан шүүгч бол:
1.Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон
2.Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож
3.Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан
4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр
5.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар
6. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг нар юм.
Эдгээр шүүгчдэд авлигын мөнгийг зуучилсан хүн нь Улсын дээд шүүхийн шүүгч асан Л.Бямбаа байсан бөгөөд тэрээр урьдчилан хорих төвд хоригдох үеэрээ амиа егүүтгэсэн билээ
Салхитын мөнгөний ордоос гадна өөр хэрэг шийдвэрлэхдээ авлигал авсан хэргээр талийгаач Л. Бямбаагийн хүү Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нар шалгагдаж байна.
Эдгээр 8 шүүгчээс өнөөдрийн байдлаар хоёр нь гадаад руу "зугтжээ"
17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарахтай өрсөөд /уг өдрийн орой/ шүүгч С.Төмөрбат эхнэр, хүүхдүүдээ дагуулан Монголын хилээр гарч өнөөдөр АНУ-д амьдарч байна. Түүнийг Монголд албадан авчрах хугацаа дор хаяж нэг жил үргэлжилнэ. Уг нь гэмт хэрэгт холбогдон шалгуулж байгаа хэнд ч хилийн хорио тогтоох ёстой ч мөрдөн байцаах газарт 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шийдвэр очихоос өмнө тэрээр хилээр гарчээ.
Түүнээс гадна Салхитын мөнгөний ордын хэрэгт авлигал авсан хэргээр шалгагдаж байгаа 6 шүүгчээс Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан БНСУ-ыг эмчлүүлэх нэрээр зорьсон ч өнөөдрийг хүртэл ирсэнгүй. Түүнийг БНСУ-д эмчлүүлэх хүсэлтийг Чингэлтэй дүүргийн шүүх зөвшөөрсөн аж.
Хүн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй гэж үзвэл гэмт хэргийн улмаас шалгагдаж буй жирийн иргэн Солонгост эмчлүүлэх боллоо гэхэд дүүргийн шүүхээр ийм шийдвэр гаргуулж чадахгүй нь ойлгомжтой. Эндээс авлигачин шүүгчээ адилхан авлигачин шүүгчид нь өмгөөлөөд гарах дүр зураг харагдаж байна
Ц.Амарсайханыг БНСУ-д явуулснаас болж авлига авсан нь тогтоогдчихоод байгаа 6 шүүгчийн асуудал прокурор дээр гацжээ. Одоо Ц.Амарсайханы хэргийг тусад нь авч үлдээд үлдсэн 5 шүүгчийн хэргийг шийдэх үү эсвэл түүнийг БНСУ-аас ирэхийг хүлээх үү гэдэг нь тодорхойгүй байна.