“Саарал жагсаалт”-ын талаар хэн, юу хэлэв?
Ч.Хүрэлбаатар: “Саарал жагсаалт”-д орлоо гээд сандраад байх шаардлага байхгүй

-“Саарал жагсаалт” дагасан янз бүрийн хориг, санкци байхгүй учраас Монгол улсад бүрэлдээд бий болсон дархлаа, эдийн засгийн төлөв байдал, экспортын орлогын байдал зэргийг харахад сандраад, пайнагтуулаад, ханш хөөргөөд байх шаардлага байхгүй болов уу гэж бодож байна.
Б.Лхагвасүрэн: Картын төлбөр тооцоо, олон улсын төлбөр тооцоо зогсоно гэсэн болгоомжлол хэрэггүй

-Үндсэндээ дөрвөн үйл ажиллагаан дээр цаашид ажил хийх шаардлагатай байна гэдэг дээр мэдэгдэл гарсан. Энэ мэдэгдэлтэй холбогдуулан ФАТФ гишүүддээ өөр мэдэгдэл хүргэсэн. ФАТФ-ын хяналтад орлоо. Гэхдээ энэ улсуудад “аливаа нэг хориг арга хэмжээ авахыг шаардахгүй. Хамтын ажиллагаатай бол хяналтанд байгаа гэдгийг харгалзаж үзэж болно” гэж мэдэгдлээ өгсөн. Тиймээс олон нийтийн яриад байгаа шиг картын төлбөр тооцоо, олон улсын төлбөр тооцоо зогсох, карт үйлчлэхгүй байх, Монгол улсад валютын урсгал орж ирэхгүй байх гэсэн болгоомжлол байх хэрэггүй. Үүнийг юугаар нотлох вэ гэхээр, 2017 онд анх ФАТФ-ын хяналтанд орсноос хойш Монгол улстай харилцдаг байсан олон улсын банкууд харилцаагаа таслах нь таслаад, одоо цөөн хэдэн банктай харилцаж байгаа. Эдгээр нь хяналтанд байгаа гэдгийг мэддэг учраас нэмж эрсдэл гарахгүй гэж Монгол банк үзэж байна.
Т.Доржханд: “Саарал жагсаалт” ирээдүйд бий болох маш их баялагийг хязгаарласан

-Энэ бол ирээдүйд бий болох маш их баялагийг хязгаарласан, монгол түмэнд хамгийн их хор учруулсан үйлдэл болсон гэдгийг олон түмэн сайн ойлгох хэрэгтэй. Монгол улс Олон улсын валютын сангийн хөтөлбөртэй байгаа үед “Саарал жагсаалт”-д орно гэдэг байж болохгүй зүйл гэж олон улсын байгууллагууд гайхаж байна.
О.Баасанхүү: “Хар жагсаалт” руу орвол бид Хойд Солонгос боллоо

-Одоо цаг алга. Зургаан сарын дотор бид нар яаралтай өөрчлөлт хийхгүй бол “Хар” руу орвол тэгээд л Хойд Солонгос боллоо шүү дээ. Хоёр удаа “Саарал”-д орчихсон гурав дахь гэдэг ойлголт байхгүй. Тиймээс би сандраад байгаа юм.
Санхүүгийн зохицуулах хороо /СЗХ/ нэг ажлыг дутуу хийсэн. Хуульзүй, дотоод хэргийн яам /ХЗДХЯ/ нь зургаан ажлыг дутуу хийсэн. Өөрөөр хэлбэл, долоон шаардлага өгснөөс зургаа нь ХЗДХЯ-тай шууд холбоотой. Монгол банктай холбоотой шаардлага өгөөгүй байна лээ.
Л.Энх-Амгалан: ХЗДХЯ, Сангийн яам, СЗХ, Монгол банк хариуцлага хүлээх ёстой

-Монгол банкны ерөнхийлөгч маш хариуцлагаггүй үг хэлсэн. Би “Хар жагсаалт”-д орох гэж байхад нь ажиллаж байгаад “Саарал жагсаалт”-д орууллаа, гэж. Энэ чинь байж болохгүй. Яагаад гэвэл, УИХ-ын тогтоолоор өгсөн үүрэг даалгавраар Мөнгө угаах, терроризмтэй тэмцэх олон улсын байгууллагатай хамтарч одоогийн байгаа үнэлгээг ахиулах үүрэгтэй байхгүй юу. Түүнээс биш ухруулах үүрэг хүлээнэ гэж байхгүй. Энэ бол манай ХЗДХЯ, /яагаад гэвэл ХЗДХ-ийн сайд нь Мөнгө угаах терроризмтэй тэмцэх дотоод сүлжээг ахалж ажилладаг/Сангийн яам, Монгол банк, СЗХ үүн дээр тодорхой хариуцлага хүлээх ёстой.
Ц.Нямдорж: Монгол банк, тагнуулын байгууллага мөнгө угаахтай тэмцэхэд хойрго хандсан

-Цэвэр эдийн засгийн хувьд бол хоригт орсон, хязгаарлалт тавьсан юм байхгүй. Энэ дурдсан ажлуудыг нь хийгээд дуусчих юм бол ойрын хугацаанд хоригоос гарах боломж байна. Ер нь бол монголын банк, санхүүгийн салбарт асуудал байгаа нь бодит асуудал. Миний хийгээд байсан юмны учир шалтгаан энэ л юм ш дээ. Тэр Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахад хуурамч гэрээгээр гаргасан 400 сая доллараас эхлээд л...
Энэ зөвлөмж дотроос хоёрыг нь Засгийн газар биш шүүх, хуулийн байгуллага шийдвэрлэх ёстой. Нэг нь мөнгө угаах хэргээр хүн шийтгээгүй байна гэдэг асуудал. Энэ асуудлыг бол шалгадаг гол газар нь манай тагнуулын байгууллага. Монгол банкинд Мөнгө угаахтай тэмцэх гэж алба байдаг. Тэр албанд 20 саяас дээш төгрөгийн гүйлгээг хянадаг. Хянаад хууль бус, мөнгө угаахын шинжтэй гэж үзвэл Тагнуулд өгөх үүрэгтэй. Тагнуул тэрийг нь авч үзээд гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл прокурортой яриад, хэрэг үүсгээд шалгах ёстой юм. Энэ асуудал дээр туйлын хойрго хандаж байгаа гэж би сүүлийн гурван жил ярьсан.
С.Эрдэнэ: “Саарал жагсаалт”-д орсноор гадаадын хөрөнгө оруулалт багасч, эдийн засаг агшиж, иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болно

-Өөрсдөө уснаас хуурай гарах гэсэн явуургүй оролдлого хийж байгаа нь туйлын харамсалтай. "Саарал жагсаалт"-д багтсан улс орнуудын гашуун сургамжаас дүгнээд харахад, эхний ээлжинд гадаадын банкууд өндөр шаардлага тавьж эхэлдэг. Зарим тохиолдолд хамтран ажиллахаар татгалздаг. Гадаадын хөрөнгө оруулалт багасах, гадаад худалдааны хэмжээ буурах, иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болох, гадада гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх, улс орны эдийн засаг агших, ард түмнйи амьдрал доройтох, өндөр өртөгтэй хөрөнгө оруулалтууд царцах, буцаан татах, хөрөнгө оруулалт шинээр нэмэгдэхгүй байх зэрэг эдийн засгийн хүндрэлүүд үүсэх, цаашид “Саарал жагсаалт”-д орсон шалтгаануудыг нэн яаралтай залруулах талаар эрчимтэй арга хэмжээ авахгүй бол Европын холбооны “хар жагсаалт”-д орох ноцтой эрсдэл үүсэх магадлалтай. Энэ нөхцөл байдлыг бодитоор дүгнэх ёстой.
Энэ нь байдаг л зүйл мэтээр ярьж байгаа нь хариуцлага хүлээж байгаа нөхдийн туйлын хариуцлагагүй алхам.
Д.Жаргалсайхан: Олон улсын өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс ийм байдалд хүрлээ

-Үндсэндээ "МАНАН"-ийн гар хөл болсон этгээдүүд төрийн байгууллагуудын дунд, доод шатанд үүрлэж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ цаг хугацаанд нь биелүүлээгүйгээс үүдэж ийм нөхцөл байдал үүслээ.
Л.Болд: “Саарал жагсаалт” бол МАНАН-гийнхны хийсэн ажлын үр дүн

-Энэ “Саарал жагсаалт” гэдэг бол "МАНАН"-гийнхны өөрсдийнх нь хийсэн ажлын үр дүн. Гэтэл үүнийгээ Монголын ард түмнийг шийтгэх шийтгэл, өшөө авалт болгож хувиргаж байна.
Б.Найдалаа: “Саарал жагсаалт” бол шоронд орж буйтай ижил

-“Саарал жагсаалт” бол тоглоом биш. Орж л байдаг, гарч л байдаг зүйл биш. Зүйрлэх юм бол шоронд орж байгаатай адил. Монгол улс, монголчууд шоронд орчихлоо. Ороод гардаг, ороод гардаг хэвийн зүйл, тийм шорон байдаггүй. Энд хэн хохирох вэ гэхээр, жирийн монголчууд, монгол бизнес, иргэд хохирно. Бид бүгдээр хохирно.
Хэн буруутан бэ? “Саарал”-ын эзэн бол хэн хэнийгээ буруутгаад байгаа АН нь, МАН, МАХН нь ч гэсэн. Засаг барьж байсан улсууд улс төрийн тоглоом байдлаар өөрсдийгөө хаацайлах нь байж болхогүй зүйл. Бүгд буруутай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.