ЦЕГ, ТЦА-наас “Дураараа биш ээ Дүрмээрээ” аяныг эхлүүллээ
Цагдаагийн Ерөнхий газар, Тээврийн цагдаагийн албанаас “Дураараа биш ээ Дүрмээрээ” аян эхлүүлж буйгаа мэдээллээ. Нийслэл, хот суурин газрын замын хөдөлгөөн эрчимжсэнтэй холбоотойгоор зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөнд оролцогчдын сахилга хариуцлага, соёлыг дээшлүүлэх зорилгоор тус аяныг хоёр сарын хугацаанд өрнүүлэхээр болов.

Ингэснээр замын хөдөлгөөний түгжрэл 38 хувиар буурна гэдгээ албаны хүмүүс хэлэв. Монгол Улсад сүүлийн 10 жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн тоо 4 дахин нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар 970 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа бөгөөд энэ хэрээр зам тээврийн осол, зөрчил өдөр бүр нэмэгдэж байгаагаас шалтгаалан “Дураараа биш ээ Дүрмээрээ” арга хэмжээг авахаар болсон байна.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх "Дураараа биш дүрмээрээ" аяны гол зорилго нь осол гарсны дараа биш осол гарахаас өмнө урьдчилан сэргийлэхэд чиглэж байгаа аж.
Ослын шалтгааныг авч үзвэл жолооч нар дүрмээ биелүүлдэггүйгээс ихэвчлэн гардаг байна. Тухайлбал гэрлэн дохио шилжчихээс амжиж уулзвар нэвтрэх гэж яараад зам тээврийн осол гаргадаг. Улмаар тухайн уулзвар дээр өдөржин түгжрэл үүсэх тохиолдол байдаг аж. Тиймээс дүрмээрээ хөдөлгөөнд оролцох нэн шаардлагатай байгаа аж.
Өнгөрсөн зургаадугаар сарын 15-наас эхлүүлсэн зам тээврийн ослыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой “Яараад яахав дээ” аяны үр дүнд замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын гэмт хэрэг 10 орчим хувиар буурчээ.
Жолооч нар:
- Согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх
- Хурд хэтрүүлэхгүй байх
- Хамгаалах бүсээ зүүж хэвших
Дээрх гурван асуудалд анхаарал хандуулах юм бол зам тээврийн ослыг 50 хувь бууруулах боломжтой гэдгийг албаныхан анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.