Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна.
УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 22-24 градус дулаан байна.
Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 25-нд Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. Энэ сарын 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.