УИХ-д одоо Үндсэн хуулиа өөрчлөх үүрэг үлдлээ

Ж.Баяр

Улсын наадам сайхан болж өндөрлөлөө. Гэхдээ бас сум, аймаг байгуулагдсаны тэгш жил, бүр сургууль, эмнэлгийн ойн баярууд үлдчихээд байна. Яагаад үүнийг хэлж байна гэхээр хойтон жил УИХ, орон нутгийн ИТХ-ын ээлжит сонгууль болно. Тэгэхээр горилогчид хийгээд өдгөө эрх ямбыг нь эдэлж буй төрийн түшээд дээр дурдсан баяруудыг жинхэнэ дэвэргэнэ дээ. Угаасаа олон жижиг тойрогтой
байх нь жалга довны үзлийг хөөргөдөхөөс аргагүй болгодог хойно. Тэгэхээр наадмын өмнө ээлжит бус чуулганыг нээсэн байгаа ч наадам, найрын хөлд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй ажил үрэгдчих вий гэсэн болгоомжлол гарч байна.

Учир нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь өөрөө их эмзэг ажил. Хэлэлцүүлэг бүрийг УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь дэмжихгүй бол явахгүй. Мөн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд “Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар санал асуулга явуулж болно” гэсэн заалт бий. Хэрэв энэ хуулийн дагуу ард түмнээс асуух болбол нийт сонгуулийн насны иргэдийн 50-иас дээш хувь нь хамрагдах учиртай. УИХ, Ерөнхийлөгч, орон нутгийн ИТХ-ын сонгуулийн ирцийг хүргэх гэж юу болдог билээ. Дээр нь мөнгө төгрөг тараасан, ах дүү нараа гуйж гувшсан гээд өчнөөн хэл ам дагалддаг.

OTGO3046

Харин . Тийм ч болохоор Ерөнхийлөгч Х.Баттулга наадам нээхдээ “Эрхэм соёлт наадамчид аа, Монгол орон, дэлхий даяар тархан суурьшсан монгол хүн бүр монгол наадмаа сэтгэл тэнүүн, бахархал дүүрэн, өлзий төгс, хувь тэгш тэмдэглэхийг ерөөе. Сайхан наадаарай. Наадмын дараанаас 1992 онд тунхагласан ардчилсан Үндсэн хуулийнхаа амжилт ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай цаг үе тохионо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр ирээдүйнхээ төлөө анхаарал хариуцлагатай хандаж, идэвх оролцоогоо хангах нь юу юунаас чухал болохыг нийт ард иргэддээ зарлан сонордуулъя” гэсэн болов уу.

Түмэн олноороо дэмжиж байж урагшлах замтай хуулийг наадмын нээлт дээр уриалахаас илүү яах вэ дээ.

IMG 9242

Дээр нь УИХ-ын дарга Г.Занданшатар ч уриалга гаргасан байна лээ. Тэрбээр наадмын мэндчилгээндээ “Эрхэм хүндэт иргэд ээ, баяр наадмын өмнөхөн бид Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Монгол орон, монгол түмний хөгжил дэвшлийн ирээдүйн хувь заяатай онцгой хамааралтай үйл хэргийг эхлүүлсэн. Наадмын дараа ч энэ ажил үйлс үргэлжилнэ. Ардчилсан засаглалтай, тусгаар улсын иргэд эдлэх ёстой эрх чөлөөгөө бүрэн эдлэх учиртай. Шударга ёс дэлгэрч, зөвхөн хууль засагладаг байх нь монгол хүн бүрийн хүсэмжлэл боллоо. Төрийн тогтолцоо зөв, тэнцвэртэй байх нь засаглал тогтвортой, иргэндээ ээлтэй байхын эх сурвалж мөн. Цөөнх баяжиж, олонхи болсон ард түмэн ядуурах учиргүй. Эх орны минь баялаг иргэн бүхэндээ тэгш хүртэх ёстой. Эдгээр гарцаагүй шаардлага, эрмэлзэл тэмүүллийг эш үндэс болгож, Үндсэн хуулийн шинэчлэлийг хийхээр зорьсон юм. Бурууг засах, зөвийг зорих цаг ирснийг нийт монголчууд ойлгон дэмжиж байгаад баяртай, зорьсон үйлсийнхээ үр дүнд итгэлтэй байна. Түүхэн энэ боломжийг алдаж асгалгүйгээр болохгүй байгаагаа цэгцлэх цаг нэгэнт ирсэн. Цэгцэлж хэрвээ чадвал цэгцрэх хөдөлгөөн Монголыг сайн сайханд хүргэнэ. Цэгцэлж чадах, цэгцэрч урагшлах эвийн хүч, мэргэн ухаан монголчуудад маань бий. Тиймээс зорилго, эрмэлзлээ нэгтгэж, сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг баяр наадмын энэ өдөр нийт монголчууддаа уриалж байна” гэжээ.

Тэгвэл Үндсэн хуулийг яагаад өөрчлөх ёстой вэ гэдэг асуулт гарч байна. Бид БНМАУ-ын Үндсэн хуулиа зөвлөлтөөс хуулсан гэдэг бол 1992 оны ардчилсан шинэ Үндсэн хуулиа аль л ардчилалтай гэх орнуудаас жишээлэн хийсэн юм. Сайн хууль байсантай маргах аргагүй. Гэхдээ сонгож авсан зам маань цагийн уртад тодрох хэрээр бага сага алдаа дутагдал нь харагдаж эхэллээ. Тийм болохоор түүнд нь тохирсон өөрчлөлт оруулаад явахаас аргагүй. Үүнийг улстөрчид, намууд мэддэг. Энэ нь АН, МАН аль нь ч төрийн эрхэнд гарсан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах ажлыг барьж авч байснаар нотлогдоно.

Гэвч сонгууль дөхсөн цагийн улстөржилт, аль нэг намынхаа өнгөн дээр өөрчлөлт оруулахгүй гэсэн санаархал унагачихаад байдаг талтай. АН төр барьж байсан 2015 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д 26 суудалтай сөрөг хүчин МАН унагаж байсныг санахад шүү дээ. Ялгаагүй өнөөгийн сөрөг хүчин АН-ынхан ч Үндсэн хуулийн өөрчлөлтөд болгоомжтой хандаж байгаагаа илэрхийлээд эхэллээ. Гэхдээ энэ удаад УИХ-д МАН 64 суудалтай байгаа. Ер нь тэгээд нам бүрийн санаанд нийцүүлсэн өөрчлөлт оруулна гэдэг бараг боломжгүй л дээ. Хувь хүмүүсийнх нь үзэл санаанаас эхлээд намуудын бодлого баримтлал өөр өөр.

olloo mn 1547348151 huuli

Өмнөх Үндсэн хууль муу байгаагүй ч цагийн саалтад бас засах зүйл гарсныг судлаачид, улстөрчид гэлтгүй бүгдээрээ ярьдаг тухай дээр дурдсан. Тухайлбал, “давхар дээл”-ийн асуудал байна. Үгүй ядаж өнөөгийнх шиг Засгийн газрын бүх гишүүд нь “давхар дээл”-тэй буюу УИХ-ын гишүүн байхаар парламентын хяналт тавих тал нь суларчихаад байгаа биз дээ. Муугаар яривал огцруулахад ч хэцүү болж байгаа юм. Тиймээс хуулийн төслийн 39.1-д “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж оруулжээ.

100 хувь мэргэжлийн Засгийн газар байгуулж болно л доо. Гэхдээ яг тэгээд хуульчлах бас асуудалтай. Иргэд өөрийн сонгож явуулсан УИХ-ын гишүүдийн уулзалтад тулгамдсан зовлон бэрхшээлээ ярьдаг. Гэтэл мэргэжлийн Засгийн газар зөвхөн бодлогодоо анхаараад иргэдийн өмнө тулгамдаад байгаа зарим асуудлыг мэдэхгүй өнгөрүүлэх, үгүй бол ямар тэднээс сонгогдсон биш гэх байдлаар байлгаад байх магадлал бий. Энэ өнцгөөс харах юм бол “давхар дээл”-тэй цөөн хүн байх нь зөв юм. Дээр нь Засгийн газрын тогтвортой байдлын асуудлыг Үндсэн хуульдаа тусгаж өгөхгүй бол болохгүй юм байна гэдгийг Монголын ард түмэн хангалттай мэдэрлээ.

Өнгөрсөн 30-аад жилд тогтносон Засгийн газрууд дунджаар 1.7 жилийн настай байна гэдэг аймаар. Энэ хэрээр төрийн албаны халаа сэлгээ утгаа алдаж, шинэ хуучин бодлого дундаа төөрч байтал ээлжит сонгууль болоод бүр бантагнадаг жишиг тогтчихоод байгаа. Иймээс ч 2015 онд АН-ын өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өдгөөгийн МАН-ын автортай хуулийн төсөлд хоёуланд нь Ерөнхий сайдын мэдлийг нэмэгдүүлэх асуудлыг оруулсан байдаг. Тодруулбал, өнөөдөр хэлэлцэж байгаа төсөлд УИХ-ын гишүүдийн Засгийн газрын гишүүдийг томилох бүрэн эрхийг нь Үндсэн хуулиас хасахаар төлөвлөжээ. Түүнчлэн төслийн 39.4-д “Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна” гэжээ. Товчхондоо, Ерөнхий сайд өөрийнхөө танхимд ямар сайд томилох асуудлаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөж, УИХ-аар батлуулахгүй өөрөө танилцуулаад л шийдвэрлэчихнэ гэж ойлгогдож байгаа юм. Ингэснээр УИХ дахь элдэв фракц бүлэглэлүүдийн эрх ашигт нийцүүлж Засгийн газраа үхрийн бөөр шиг байгуулдаг байдал арилна гэсэн үг. Өнөө албан тушаалын бялуу хүртэх гэж ярьдаг асуудал жаахан хамжааргатай болох юм уу даа. За тэгээд, Улсын дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр нэг удаа томилно, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг дахин томилохыг хориглоно гэх мэт заалтууд бол хэн нэгний халаасанд орохгүй ажиллуулах хөшүүргэ болно. 

Өдгөө хэлэлцэж байгаа хуулийн төслийн хувьд нэлээд цаг хугацаа, хүч хөдөлмөр зарж зохион байгуулсан онцлогтой. 2017 оноос хойш зөвлөлдөх санал асуулга явуулж, орон даяар санал авсан. Зовлонгийнхоо ихэнхийг туулчихаад байгаа төсөл. Гэхдээ ирэх жилийн улс төрөө бодсон арга хэмжээ, найр наадамд гишүүд анхаарч ажил нь цалгардах байдал гарч мэдэх юм гээд үүнийг бичлээ. Мөн Ард нийтийн санал асуулгаас батлагдах эсэх нь бараг хамаарах болов уу. Төрийн өндөрлөгүүдийн уриалга ч үүнийг хэлэх мэт.

undesnii shuudan1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.