Төв цэнгэлдэхэд 2500, Хүй долоо худагт 7500 автомашины зогсоол бэлэн болжээ
Үндэсний их баяр наадмын үеэр замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат мэдээлэл өглөө.
Тэрбээр "Үндэсний баяр наадмын үеэр 200 гаруй албан хаагч 24 цагийн турш ажиллана. Авто машинд долоон төрлийн зөвшөөрөл олгоно. Төв цэнгэлдэх орчимд 2500 тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болсон бол Хүй долоон худагт 7500, нөөцөд 6000 орчим тээврийн хэрэгслийн зогсоол бэлэн болоод байна.
Иргэд авсан зөвшөөрлийн ар талд байрлах маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох, ялгалт хийгдэж байгаа уулзварууд дээр байрлагдсан мэдээллийн самбаруудад заасны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвлөж байна.
Төв цэнгэлдэх орчимд зогсоолын хүрэлцээ муу. Цөөхөн зөвшөөрөл олгогддог. Тэгвэл бусад жолооч нар яах вэ.
Эдгээр жолооч нар маань Мишээл экспо, Дүнжингарав худалдааны төвийн зогсоолд машинаа тавиад, гурван минут тутамд үнэ төлбөргүй явж байгаа нийтийн тээврийн автобусаар стадионд очих боломжтой. Удаан хугацаанд түгжирч, хугацаа алдалгүйгээр авто машинаа тавиад нийтийн тээврийн автобус сонгохыг наадамчиддаа зөвлөж байна.
Соёолон насны морьд гарах өглөө Улаанбаатараас Хүй долоон худаг руу нэг чигийн хөдөлгөөнд оруулна. Харин соёолон насны морьдын уралдаан дуусахад Хүй долоон худгаас Улаанбаатар хот руу нэг чигийн хөдөлгөөнд оруулна.
Мөн хотод хөдөлгөөний зохицуулалт олон хийгдэхээр байгаа. Энэ талаар цагдаагийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан тогтмол мэдээлэл өгөх болно. Тиймээс иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг анхаарч, замаа сонгож байх хэрэгтэй байна.
Өнгөрсөн жил баяр наадмын өдрүүдээр 423 зам тээврийн осол бүртгэгдсэнээс 390 хүн бэртэж гэмтэж, 16 хүн нас барсан. Нас барсан 16 хүний 13 нь орон нутгийн замд хурд хэтрүүлсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн шалтгааны улмаас нас барсан. Тиймээс замын хөдөлгөөний дүрмээ баримталж, соёлтой оролцохыг уриалж байна" гэв.
- “А”, “ДК” ангиллын зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талд байрлах “Наадам” төвийн 500 автомашины авто зогсоолд,
- “Ж” буюу жуулчдад зориулсан зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хойд талд “Говийн од” ХХК-ны зогсоолд байруулна
- “Г” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – ХУД-ийн “Хурд” хорооллын баруун талд байрлах “Суруго Монгол” ХХК-ны 500 автомашины зогсоолд байрлуулна.
- “Ү” зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл – “Суруго Монгол” ХХК-ны чанх урд талд 300 автомашины зогсоолд байрлуулна.
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 637 автобус, 603 такси нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллана. Мөн богино эргэлтийн 3 чиглэлд /Дүнжингарав, Мишээл экспо, Төв цэнгэлдэх хүрээлэн/ 20 автобус 3 минут тутам үнэ төлбөргүй үйлчилнэ. Дүнжингарав худалдааны төврүү 22 чиглэлийн 135 автобус, Мишээл экспо худалдааны төврүү 13 чиглэлийн 76 автобус үйлчилнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.