Хэдхэн хоногийн өмнө Ханжоу Азийн наадамд алтан медаль хүртэн, төрийн дууллаа эгшиглүүлсэн МУГТ Б.Чинзоригийн сэргээшний шинжилгээнээс хориотой бодис илэрсэн талаарх мэдээлэл гарлаа.
ITA буюу олон улсын тестийн агентлагийн вэб хуудаст гарсан мэдээллээр: "Монголын боксын тамирчин Б.Чинзоригоос 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр авсан сэргээшний шинжилгээний дүгнэлт гарлаа. Түүнээс авсан дээжээс дэлхийн сэргээшний эсрэг агентлагийн (WADA) хориотой бодисын жагсаалтад орсон хориотой бодис болох метадиеноны метаболит илэрсэн байна. Шинжилгээний хариуны талаар тамирчинд мэдэгдсэн ба тэрээр В сорьцын шинжилгээг хийлгэх эрхтэйг сануулсан байна. Шинжилгээний хариуг спортын арбитрын шүүхийн допингийн эсрэг хэлтэст (CAS ADD) шилжүүлж, допингийн эсрэг дүрмийн дагуу шийдвэрлүүлнэ." хэмээжээ.