Вэй Фэнхэ: Тяньанмений бослогыг хүчээр дарсан нь зөв
С.Лхамсүрэн
1989 онд Хятадын Тяньанмений талбайд болсон эсэргүүцлийн жагсаалыг хүчээр тарааснаараа Хятад Улс дэлхийн улс орнуудын анхаарлыг татаж байсан билээ. Одоогоос 30 жилийн өмнө Тяньанмений талбайд оюутнууд болон ажилчин ангийнхан ардчилал, эрх чөлөөний төлөө томоохон жагсаал хийсэн. Гэвч энэ жагсаалыг Хятадын Коммунист намын эрх баригчид хүчээр тараасан юм. Хүчээр тараах явцад маш олон хүн амиа алдсан бөгөөд уг үйл явдалтай холбоотойгоор дэлхийн улс орнууд БНХАУ-ыг хурцаар шүүмжилж байлаа.
Бээжинд зургаан долоон хоног үргэлжилсэн уг жагсаалын 30 жилийн ой өнөөдөр тохиож байна. Тэгвэл уг үйл явдалтай холбогуулан БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Вэй Фэнхэ нэгэн мэдэгдэл хийсэн нь олны анхаарлыг татаад байна. Тэрбээр Сингапурын бүс нутгийн худалдаа, аюулгүй байдлын талаарх форумын үеэр
“Тяньанмений талбайд болсон эсэргүүцлийн жагсаал нь төрийн үймээн байсан бөгөөд Засгийн газрын зүгээс үймээнийг хүчээр зогсоох арга хэмжээ авсан нь хамгийн зөв гарц байсан. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Хятадад олон томоохон чухал өөрчлөлт гарсан нь тухайн үеийн Засгийн газрын үйл ажиллагаа болон 1989 оны эсэргүүцлийн бослогыг хүчээр дарсантай нь холбоотой”
хэмээжээ. 1989 онд болсон эсэргүүцлийн жагсаалын тухай олон нийт хэлэлцэхийг Хятадад хатуу хориглодог билээ.
1989 ОНД ЮУ БОЛСОН БЭ
1989 оны дөрөвдүгээр сард Tяньаньмений талбайд нэг сая гаруй хүн ардчиллыг дэмжин жагссан нь Хятадын түүхэн дэх хамгийн том жагсаалд тооцогдож байв. Энэ жагсаал зургаан долоо хоног үргэлжилсэн юм. Эсэргүүцлийн жагсаал зөвхөн Бээжинд бус бусад олон хотод ч болж байсан. Жагсагчдын гол зорилго нь ардчилсан тогтолцоог бий болгох, дарангуйллыг устгах, цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг байсан юм. Гэтэл зургадугаар сарын 3-ны орой Tяньаньмений талбайд танкууд орж ирэн гал нээснээр, жагсагчид болон талбайн ойролцоо байсан энгийн иргэд амиа алдсан юм. Одоо болтол уг үйл явдлын улмаас яг хэчнээн хүн амиа алдсан нь тодорхойгүй байдаг билээ.
эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia-china-48489002

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.