ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДӨР
Өнөөдөр олон улсын хүүхдий эрхийг хамгаалах өдөр. Монголчууд бид энэ өдрийг албан ёсоор 67 дахь жилдээ тэмдэглэж байна
Хүний эрхийн тухай тунхаглал хэдэн зуун жилийн настай бол “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал 1924 оноос эхтэй. НҮБ-ын Женев дахь төвд тэртээ 1924 онд анх энэ тунхаглал батлагдсанаар хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, дэлхий нийтээр тусгайлан авч үзэх болсон юм.
Дараа нь буюу 1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-ыг баталсан ба энэ нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал бусад хүний эрхийн талаарх болон олон улсын эрх зүйн баримт бичигтэй уялдаатай байлаа.
“Хүүхдийн эрхийн тунхаглал”
... Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг... гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэн.
Ийнхүү Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 оны 11-р сарын 20-нд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон нь эдүгээ хамгийн олон оронд хүлээн зөвшөөрөгдсөн Конвенц болж чадсан юм.
Манай орны хувьд хүүхдийн байгууллага, хөдөлгөөн анх 1925 оны 5-р сарын 8-нд Их зохиолч Д.Нацагдорж болон тухайн үеийн хүсэл зориг нийлсэн хэсэг залуучуудын санаачилгаар байгуулагдаж байсан түүхтэй. Гэвч албан ёсоор 1952 оноос эхлэн "Хүүхдийн баярын өдөр"-ийг тэмдэглэж ирсэн бөгөөд үндэсний хэмжээнд амралтын өдөр болгон хуульчилсан цөөхөн орны нэг юм. Бусад орнуудын хувьд Хүүхдийн баярыг энэ өдөр тэмдэглэдэг хэдий ч хуульчлан мөрддөг нь цөөн ажээ.
Монгол улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргасан бөгөөд 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ.
Түүх сөхвөл Монголчууд
1952 оноос "Хүүхдийн баяр"
1995 оноос "Эх үрсийн баяр"
2003 оноос “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр” хэмээн нэрлэж, тэмдэглэж иржээ.
Бага насны хүүхдүүдийн хамгийн их хүсэн хүлээдэг ЗУРГААДУГААР САРЫН НЭГЭН буюу ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙН ӨДӨР-ийн баярын мэндийг та бүхэндээ хүргэе. Жил бүрийн 365 хоногийн дотроос хамгийн ГЭГЭЭЛЭГ ӨДӨР өнөөдөр билээ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.