Ц.Шаравдорж: МАН-ын гишүүд МАХН-тай хамтран ажиллах тухай бодол саналаа илэрхийлдэг
МАХН шинэ дүрэм, мөрийн хөтөлбөрөө Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн. Энэ талаар мэдээлэл хийсэн юм. Хэвлэлийн хуралд МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, дэд дарга Ц.Оюунбаатар тэргүүтэй гишүүд оролцож “МАХН-ын шинэчлэн найруулсан дүрмээр ардчилсан, шударга зарчмыг хэрэгжүүлэх боломж бүрднэ. Хойшдоо Хэнтий аймгийн нөхөн сонгуультай холбогдуулан бусад улс төрийн хүчин, иргэд олон нийт, сонгогчидтой илүү нягт хамтран ажиллахыг зорьж байна. Түүнчлэн шинэ дүрмийнхээ хүрээнд сахилга хариуцлагыг урьд урьдынхаасаа шинэ түвшинд гаргаж ажиллана” хэмээн мэдэгдсэн юм. Энэ үеэр МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдоржоос дараах тодруулгыг авлаа.
-МАН-тай хамтран ажиллах, цаашилбал нэгдэл рүү чиглэсэн санал санаачилгууд гарч байсан. Сүүлийн үед энэ талаар ярьцгааж байгаа юу?
-МАХН дотроо хуваагдаад байгааг өнөөдөр монголчууд бүгдээрээ л харж байна. Ер нь анх МАХН гэдэг улс төрийн хүчнийг хэдхэн хүн Тэрэлжид очоод, Тэрэлжийн тунхаг бичиг гэдгийг гарган Монгол Ардын Нам /МАН/ гэж нэрлээд явсныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Би энд зориуд тэмдэглэж хэлэхэд энэ улс төрийн хүчин МАХН гэдэг нэртэйгээ 70-80 жил явсан. МАН гэдэг нэртэй дөрөвхөн жил явсан. Тэгэхээр энэ хүмүүст МАН гэдэг нэр хэрэгтэй болсон учраас л энэ нэрийг авсан юм байгаа биз. Гарал үүслээр нь ярих юм бол гоминданы намын л нэр ш дээ. Тийм учраас МАН-д одоо байгаа олон гишүүн намынхаа нэрийг өөрчилснийг, ер нь нэгдмэл цул улс төрийн хүчин байх, МАХН-тай хамтран ажиллах тухай бодол саналаа илэрхийлж байдаг юм билээ. Би бол үүнийг нь зөв л гэж боддог.
-Улс төрийн нөхцөл байдал дээр МАХН ямар дүгнэлт хийж байгаа вэ?
-Өнөөдөр улс орны эдийн засгийн байдал хүндэрлээ. Өнөө байгаа хэдэн төгрөгийг чинь гадаадад оффшорт аваачаад хийчихлээ. Гадаадад худалдаж аваад байгаа хаусууд ил тодорхой болчихлоо. Уул уурхайн хичнээн сайхан баялагтай ч тэр нь ард түмэндээ хүрч, хүртдэггүй энэ асуудлыг өөрөө ярих цаг болсон. Жишээ нь, Оюутолгойн ашигт малтмалыг гадаадын компанид өгөх тухай гэрээ хийснээр өнөөгийн бидний мэдэж байгаагаар 2035 оноос л монголчууд ашиг хүртэнэ гэж ойлгогдож байна ш дээ. Тэгвэл бидэнд ирсэн мэдээллээр 2030-аад онд Оюу толгойн нүүрс дуусна гэж байна. Үүнтэй адил ганц Оюутолгой ч биш өөр олон уурхай монголчууддаа үр ашгаа өгөхгүй байна. Үүнийг хэн зохион байгуулж, хэн гадаадынханд ашигтай, монголчуудад үр өгөөжгүй гэрээ хийж байна гэхээр МАНАН бүлэглэлийн энэ хэдэн хүмүүсийн л хийж байгаа ажил ш дээ. МАНАН гэдэг бол МАН, АН хоёр улс төрийн хүчний дээр, толгойд нь сууж байгаа олигарх хүмүүсийн нэр.
-Иймээс та бүхэн юунаас эхэлж өөрчлөлт хийхээр зорьж байна вэ?
-Манай намын МУ-ын дээд Шүүхэд бүртгүүлсэн МАХН-ын шинэчлэн найруулсан дүрэм, мөрийн хөтөлбөрийг л та бүхэн маань сайтар үзээсэй гэж хүсч байна. Тэнд энэ талаар маш дэлгэрэнгүй бий. Бүх заалт нь чухал. Нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээнд томоохон өөрчлөлт хийнэ гэдгээ бид шинэ боловсруулсан “Дээд үндсэн хуулийн”-хаа төсөлд ч, намынхаа мөрийн хөтөлбөрт ч маш тодорхой оруулсан байгаа. Мөн аливаа улс төрийн намын гишүүд нь хариуцлагатай байж улс төрийн хүчин хариуцлагатай болдог. Бид өнөөдөр Монгол орны алс ирээдүй, сайн сайхан амьдралын төлөө үйлчлэх дөрвөн мөрийн хөтөлбөртэй болсон. МАХН-ын дүрэм 60 гаруй хувиар, хөтөлбөр 90 хувиар өөрчлөгдсөн.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.