СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ямар тохиолдолд онцгой дэглэм тогтоодог вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
5 жилийн өмнө

 

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт үйлдвэр дээр зургаан сар хүртэлх хугацаагаар онцгой дэглэм тогтоосон тухай мэдэгдэлийг өнөөдөр /2019-03-06/ хийсэн билээ.

Тэгвэл ямар тохиолдолд онцгой дэглэм тогтоодог тухай эх сурвалжаас тодрууллаа.

Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулинд зааснаар "Улс орны эдийн засгийн байдлыг тогтворжуулах шаардлагатай шуурхай арга хэмжээг цаг тухайд нь авч хэрэгжүүлж байх, болзошгүй сөрөг үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилго"-оор онцгой дэглэм тогтоохыг хуульчлан зөвшөөрсөн аж. 

Уг хуулийн 1 дүгээр заалтад: Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт олгосугай.

 

Онцгой дэглэмийг зөвхөн Засгийн газар тогтоох бөгөөд энэ үед дараах арга хэмжээг авч ажиллах бүрэн эрхтэй

 1/үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох;

2/ажлын өдөр, цагийн дэглэм, ээлжийг өөрчлөн тогтоох;

3/хөдөлмөрийн норм, цалин хөлсийг шинэчлэн тогтоох, өөрчлөх;

4/үндсэн ба эргэлтийн хөрөнгө, түүний дотор түүхий эд, материалын нийлүүлэлт, зарцуулалт, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний хадгалалт, хуваарилалт, тээвэрлэлт, борлуулалтад нь тусгай хяналт тогтоох;

5/Засгийн газраас тогтоосон онцгой журмыг хэрэгжүүлэхэд саад учруулсан улс төр, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг тухайн үйлдвэрийн газар, байгууллага дээр түр зогсоож, хяналт тогтоох;

6/тухайн үйлдвэрийн газар, байгууллагад хөдөлмөр, үйлдвэрлэл, технологийн сахилгыг чанд сахин биелүүлэхэд чиглэсэн хөдөлмөрийн сахилгын тухайлсан дүрэм, үйлдвэрлэлийн аюул осолгүй ажиллагааны болон олон нийтийн хэв журам сахиулах тусгай журам тогтоож, тэдгээрийг зөрчигчдөд харьяалал харгалзахгүйгээр зохих хариуцлага хүлээлгэх;

7/онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагын хэвийн ажиллагаа алдагдахад хүрвэл хүн хүч, тээврийн хэрэгслийн дайчилгаа явуулах;

8/онцгой дэглэмтэй үйлдвэрийн газар, байгууллагаас бусадтай байгуулсан гэрээний болзлыг зайлшгүй шаардлагатай тохиолдолд захиалагч /бэлтгэн нийлүүлэгч/-ийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироохгүйгээр өөрчлөх буюу гэрээг цуцлуулах;

9/улсын захиалга, даалгаврыг биелүүлээгүй тохиолдолд тухайн үйлдвэрийн газар, байгууллага, түүний эрх баригчдад хүлээлгэх эдийн засгийн болон захиргааны хариуцлагын арга хэмжээ тогтоож хэрэглэх;

10/хүн амын хүнсний болон өдөр тутмын хэрэглээний ховор олдоцтой барааг хуваариалах, тээвэрлэх, худалдан борлуулах, хил нэвтрүүлэх тусгай журам тогтоож, тэдгээр барааг дамлан худалдах, шунахай зорилгоор их хэмжээтэй нөөцлөх зэргээр дотоод зах зээлд барааны хомсдлыг зориуд бий болгохтой тэмцэхэд чиглэгдсэн захиргааны урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон хариуцлагын арга хэмжээ тогтоон хэрэглэх.

Мөн онцгой дэглэм тогтоосон үед авч байгаа арга хэмжээний хэрэгжилтийн явцыг сар бүр УИХ, олон түмэнд мэдээлж байх ёстой аж.

Онцгой дэглэм тогтоох хугацааг эхний удаад Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоох бөгөөд уг хугацааг сунгахаар болвол саналаа уул хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх ёстой. Хоёр дахь удаагийн сунгах эрхийг УИХ мөн зургаа хүртэлх сараар өгөх аж. 

 

Харин онцгой дэглэмийн хугацааг энэ хуульд заасан журмаар сунгаагүй буюу түүнийг дуусгавар болгохоос өмнө Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр цуцалсан бол онцгой дэглэмийн хугацааг дуусгавар болсонд тооцно гэжээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.