Уншигчдын агуу их эрх чөлөөн дундуур тэдний уран бүтээл туучиж ирсэн /Сурвалжлага/

Үндэсний номын баярын эргэн тойронд

Монгол орны дөрвөн зүг найман зовхист нэг өдөр нэг цагт эхэлсэн “Үндэсний номын баяр”-ыг сурвалжлахаар Жанжин Сүхийн талбайг зорив. 

Энэ өдөр Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсангийн төрсөн дүү, хүүхдийн зохиолч Т.Бямбарагчаа гуайн төрсөн өдөр тохиож буйг мэдлээ.

Тангадын Галсангийн төрсөн дүү, хүүхдийн зохиолч Т.Бямбарагчаа
Тангадын Галсангийн төрсөн дүү, хүүхдийн зохиолч Т.Бямбарагчаа

Ингээд түүний хамгийн алдартай бүтээл болох хүүхдийн дуу “Алимны модны мөчир буюу” “...Аавтайгаа адилхан гэж аавын найзууд ярих юм аа

Тийм үү тийм үү аргагүй ээ

Тийм ээ тийм ээ адилхан...” хэмээн бяцхан багачуудын аманд аялагддаг сайхан бүтээлийг хэзээ хэрхэн зохиосон тухай болоод, номын баяртай холбоотой түүний сэтгэгдлийг сонсон юм.

Тэрээр “Би Үндэсний номын баярт оролцохоор хүүхдүүдийн хамгийн дуртай амьтдын тухай номтой ирсэн. Харин чиний асуусан дууны тухайд нэг удаа алдарт хөгжмийн зохиолч Л.Галмандах найзындаа очоод байтал “Чи тийм сүрхий юм бол яг одоо нэг дууны шүлэг шууд зохиочих” гэв. Харж ээ суутал охин нь аавтайгаа ч тун адилхан ээжтэйгээ ижилхэн харагдсан байхгүй юу. Тэгж л энэ дууны шүлэг бүтсэн юм” хэмээн тодотголоо.

Мөн түүний зохиосон Төрийн шагналт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж гуайн ая “Олимпийн Москва” гэдэг дууг Монголын радиогийн “Улаан бүч” чуулга дуулж радиогийн алтан санд хадгалагдан үлджээ.

nomiin bayr photo 14

Яг энэ өдөр 70 нас хүрч буй эрхэм уран бүтээлчээс Үндэсний номын баярын талаарх сэтгэгдлийг нь сонссон юм. Тэрээр “Би 1948 оны 9-р сарын 14-нд төрсөн. Энэ жил миний төрсөн өдөр Монголын зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ойн эхний арга хэмжээ Үндэсний номын баяр улс орон даяар болж буйд сэтгэл маш өндөр байна. Монголынхоо нийт зохиолчдод 90 жилийн ойн баярын мэндийг хөдөөгийн хүүхдийн зохиол Т.Бямбарагчаагаас нь Сүхийн талбайгаас хүргэж байна” гэв.

Мөн тэрээр “Хотод ч, хөдөөд ч ялгаагүй номын сангууд орой онгойж, эрт хааж байгаад нь сэтгэл гонсгор байдгаа ахмад уншигч, МУ-ын Үндэсний номын сангийн манлай уншигчийн хувиар хэлж байна. Энэ байдлыг өөрчлөхийг холбогдох байгууллагууд маань бодлогоороо шийдээсэй” хэмээн хэлсэн юм. 

Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Ш.Дулмаа:

Номын баяр бол хүний сэтгэхүйн баяр, хөгжин дэвшихийн их баяр юм

Өдгөө 88 насны сүүдэр тохиож буй МЗЭ-ийн гишүүн хамгийн ахмад эмэгтэй зохиолч, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт “Хаан найргийн хатан Дулмаа” хэмээн өргөмжлөгдсөн, “Хүүгийн эцэгт бичсэн захиа” бүтээлээрээ нэгэн жаранд нэр алдраа цуурайтуулсан яруу найрагч Шагдарын Дулмаа багшийг онцлон уншигч тантай уулзуулж байна.

zurag 1

-Эрхэм танд Зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойг тохиолдуулан хийж буй Үндэсний номын баярын өдрийн мэнд хүргэе! Уншигч зохиолчдын учирлын баяр болсон энэ арга хэмжээнд оролцож, олныхоо хайр хүндлэлд умбаж буй энэ цаг мөчийнхөө сэтгэгдлээс хуваалцана уу?

-Юуны өмнө та бүхэнд баярлалаа. Номын буян орштугай хэмээн ерөөе. Миний утга зохиолд орж ирсэн цагаас хойш буюу 1950-иад оноос эхлээд зохиолчдын хороон дээр номын баярыг янз бүрээр хийдэг байлаа. Харин сүүлийн хэдэн жил энэ арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг болсон. Энэ баяраар ард түмэнд номоо сурталчлахаас гадна зохиолчид уншигчидтайгаа уулздаг. Номын баяр нь хүнийг гэгээрүүлэн соёлжуулах, хүмүүжүүлэх ач холбогдолтой. Хүн шинэ номтой танилцсанаар оюун санааны хувьд өөрийгөө хөгжүүлж, өөр шинэ ертөцийг нээж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхдаг. Тиймээс хүний сэтгэхүйн баяр, хөгжин дэвшихийн их баяр юм.

-Та Монголын утга, уран зохиолын халуун ам бүлд олон он цагийн гэрч болж буй ахмад зохиолч. Хамгийн сүүлд ямар уран бүтээл туурвисан бэ. Энэ баярт шинэ бүтээлтэй ирэв үү?

-Би сүүлийн хоёр жил шинэ зохиол бичсэнгүй. Харин хуучин бүтээлүүдээсээ хоёр ном хэвлүүлэхээр зэхэж байна. Хүний сэтгэл рүү өнгийсөн, хайр сэтгэлийн нандин сайхныг түлхүү гаргасан ном л доо.

-Таны “Хүүгийн эцэгт бичсэн захидал” бүтээл одоо ч үнэ цэнээ алдаагүй. Өнөөгийн залуу уран бүтээлчид хүний сэтгэл уудалсан бүтээл бичиж байна уу. Та ахмад зохиолчийн хувьд залуу үеэ анзаардаг уу?                                                    

-Манай залуу зохиолчид сайн бичиж байна. Гэхдээ орчин үеийн хүмүүсийн сэтгэхүй их өөрчлөгдөж, урт юм унших дургүй болжээ. Утга зохиолыг хүлээж авах, ойлгох нь хүн хүний сэтгэлийн соёрхол байдаг. Хүн аливаа зүйлийг өөрийн оюун санааны хэр хэмжээгээр л хүлээж авдаг. Уншигчдын агуу их эрх чөлөө гэдэг чинь энэ шүү дээ. Бидний уран бүтээл тэр дундуур л туучиж ирсэн.

Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд

Байтаг богдын тулгаралтын тухай тууж бичиж байгаад дутуу орхисон, үүнийгээ гүйцээнэ

“Аригбөх хаан”, “Эгнэшгүй нөхрийг олов”, “Эрхэм дээд зарчмууд: Чингис хааны алдар цуу агуу ялалтын нууц”, “Энэтхэг дэх их Монголчуудын түүх”, “Хантайширын цадиг хууч оршивой”, “Зэв Сүбээдэйн ялгуусан аян”, “Хөх илдний очис түүхэн роман”, “Бурхан мэт насанд нь”, “Монголоо нээж буй Монгол” зэрэг номын зохиолч тэрээр Монгол уншигчдын оюун санаанд түүх судлал, утга, уран зохиолыг нийтгэсэн даацтай бүтээлүүдээр өөрийн хувь нэмрийг оруулж байгаа билээ.

Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд
Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд

-Орчин үеийн олон баяраас “оюун санааны хоол болсон” энэхүү номын баярын арга хэмжээг илүү ач холбогдолтой гэж иргэд ойлгодог болжээ. Зохиолч хүний хувьд та хэрхэн үздэг вэ?

-Жилд хавар, намар хоёр удаа номын баяр болдог. Манай үндэстний оюун санааны хувьд их том дэвшил гарч буй үйл хэрэг гэж боддог. Энэ үйл ажиллагаа жилээс жилд улам өргөн дэлгэр болж байна. Уран бүтээлчид, номонд дуртай ард түмний үгүйлдэг баяр болсон нь гарцаагүй сайн хэрэг шүү дээ.

-Цахим сүлжээнээс харахад та уран бүтээлээ туурвих, аялах хоёрыг зэрэгцүүлээд яваа шиг анзаарагддаг. Аялал таны туурвил зүйд хэр нөлөөлдөг вэ?

-Энэ зун нутгаараа яваад ирлээ. Бид нутаг орноо их тойм мэддэг юм байна. Жалга болгоноор нь, уул даваа бүрээр нь явахад нэг л онцгой сэтгэгдэл төрдөг. Онгон дагшин, байгалийн онцгой тогтоцтой газар бүрээр очих болгонд дэлхий дахинд ийм газар нутаг ховор байдаг болов уу гэж бодогддог. Товчхон хэлбэл Монгол нутгийн уул ус, тэр онгон дагшин газрууд амьд юм. Манай залуус их аялдаг болжээ. Монголд гадаадаас дутахгүй сайхан байгальтай, бахархал төрөх газар бий. Үүнийгээ олж очих, дэлхийд сурталчлах сэтгэл үгүйлэгдээд байна бидэнд. Өнгөрсөн зун ийм сэтгэгдэлтэй аялаад ирлээ. Мэдээж аялал уран бүтээлд нөлөөлнө. Хөдөө нутгаар явж байхад өндөр мэдлэгтэй сайхан хөгшчүүд мэр сэр байна. Тэдэнтэй уулзаад ярихад бидний мэддэггүй үг, яриа, хэл хэллэг их олон гарч ирж байна. Мөн 50-100 жилийн өмнөөс уламжлагдсан сайхан домог, хууч яриаг мэддэг, хоёр, гурав дахь эх сурвалжуудаас сонссон хүмүүс ч байна. Түүнчлэн 40-50 жилийн өмнөх үйл явдлыг мэдэх, нүдээр үзсэн хүмүүстэй уулзах ярилцах надад хамгийн сайхан олз байв. Энэ жил би маш их мэдээ, мэдээлэл цуглуулсан. Нэлээд хэдэн мэдээ мэдээлэл, өгүүллэг туужуудын санаа цуглуулж ирлээ. Гагцхүү төвлөрч суугаад бичих л үлдлээ. Тэгэхээр онгон дагшин байгальд ажиллаж амьдарч ирсэн манай нүүдэлчин ардын түүх, өв соёлд аж амьдралын нарийн ширийн их зүйл байна.

-Эдгээрээс юу нь таны зохиолд түрүүлж буух бол?

-Би өнгөрсөн жил Байтаг богдын тулгаралтын тухай тууж бичиж байгаад дутуу орхисон, үүнийгээ гүйцээнэ. Миний цуглуулсан мэдээлэлд албан ёсны түүх судалгаанд тусгагдаагүй мэдээлэл хүртэл бий. Яг энэ цаг үед Байтаг богдын тулгаралтын 70 жилийн ой болж буй. Ойгоос өмнө номоо хэвлүүлэх гэсэн боловч арай амжсангүй. Судалгааны ажил арай дуусаагүй байна. “Байтаг богд”-ын тулгаралтын тухайгаас уншигчид гурван баатрын амиа алдсан түүхийг илүү мэдээд байдаг. Гэтэл бодит байдал дээр 1930-аад оны төгсгөлөөс 1940-өөд оныг дуусан дуустал баруун хязгаарт буун дуу тасраагүй. Тэр олон тулалдаан мөргөлдөөний үед маш олон хүн баатарлаг гавьяа байгуулж, эр зориг гаргасан байдаг юм билээ. Тэр бүгдийг багтаасан нэг туужийг ойрын үед гаргах бодол бий.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.