СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-29

“Алтан хурга”-ны эзэн Ерөө сумын Ж.Даваанямын хотноос бэлтгэсэн сурвалжилга

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

МҮОНРТ, ХХААХҮЯ-тай хамтран шалгаруулдаг “Алтан төл”-ийн эзэн шагнал 1976 оноос эхтэй аж. Тухайн үед Монголын радиогийн ХАА-н редакцын дарга н.Цэвэлмаа, СГЗ, сэтгүүлч Мятавын Цагаан нар энэ шагналыг санаачлан бий болгож байжээ. Өнгөрсөн хугацаанд “Алтан төлийн эзэн” шагнал маш цөөхөн малчинд очсон нь уг шагналыг шалгуур өндөртэйг харуулж байна. Нийт улсын хэмжээнд 400 шахам малчин айлын хойморт байх “Алтан төл”-ийн эзэн шагналтны нэг нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын малчин Ж.Даваанямынх боллоо.

Ерөө сумын Тавин баг буюу сумын төвөөс 15 км хол байрлах нарлаг дулаахан уулсын энгэр, Ерөө голын хаяа суганд малчин Жамаагийн Даваанямынх өнөтэй сайхан өвөлжиж байна. Сурвалжилга бэлтгэхээр яваа бидний хэдэн сэтгүүлчид Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн, Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нартай хамт малчны хотонд зочиллоо. Ж.Даваанямынх 2019 оны “Алтан хурга”-ны эзнээр шалгарсан тул шагналыг нь гардуулан өгөхөөр сар шинийн өмнөхөн тус сумыг зорьцгоосон нь энэ. Түүнд баяр хүргэхээр сумын иргэд, ах дүү, найз нөхөд нь хүрэлцэн иржээ.

Ж.Даваанямын хот айл /2019.01.27/

Ж.Даваанямын хот айл /2019.01.27/

Ж.Давааням уг нь Увс аймгийн Малчин сумын харьяат. Бага залуудаа эцэг эхийн хамт мал маллаж байгаа эхнэртэйгээ 2000 онд гэр бүл болоод бие даан мал маллаж эхэлжээ. 2003 онд Ерөө сумын Тавин багийн нутагт нүүдэллэн ирж, Сэлэнгэ сайхан нутгийн үр шимийг хүртэж, өнчин ишигний гарзгүй нутагшиж чаджээ.

Дээрээс нь сумын иргэдийн ярьснаар бол Ж.Давааням нь 40 гаруйхан настай хэрнээ тэнгэр хангайн байдал ажиглаж, байгалийн шинж тэмдгийг мэдрэх, цаг агаарын байдлыг тодорхойлохдоо гаргуун гэнэ. Төрөлхийн хөл муутай тэрбээр энэ байдлаа давуу болгож чаджээ. Учир нь тэрээр морь, мотоцикл унадаггүй, цаг ямагт өөрөө явганаар хонио дагаж хариулдаг. Тэднийх бог малыг голчлон өсгөдөг бөгөөд малын бэлчээрээ жинхэнэ утгаар нь дөрвөн улирлаар нарийн хуваарилан ашигладаг аж.

 

2015 оны өвөл хаврын зуд турханаар тус сумын малчин өрхийн дийлэнхи нь хүнд байдалд ороод байхад Ж.Даваанямынх зай завсар сайтай дулаахан хашаа хороо, хангалттай бэлтгэсэн өвс тэжээл, хамгийн гол нь эзэн хүний нарийн тордлогооны ачаар төл малаа 90 хувь хорогдолгүй авч гарч чадаж байжээ. Энэ бүх амжилт нь түүнийг 2019 оны "Алтан төл" шагналын эзэн болгожээ. Шагналыг малчны хот айлд УИХ-ын гишүүн, Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат зочилж, гардуулан өглөө. 

Сэлэнгэ аймаг газар тариалангийн бүс нутаг учраас малын бэлчээрийн  хүрэлцээ хаа хаанаа муу. Үүнийг ойлгох малчин ч байна, ойлгохгүй нь ч их бий. Ж.Давааням өнөөгийн цаг үеийн байдлыг ойлгож ухамсарлан малынхаа тоо толгойг зохистой хэмжээнд барьж үүлдэр угсаа, чанарын тал дээр онцгойлон анхаарч ажилладаг байна. Тэрээр Баяд үүлдрийн хонь түлхүү өсгөж үржүүлэн  сүүлийн жилүүдэд  Сүхбаатар чиглэлийн “Илүү нугаламт ууцан сүүлт хуц” -аар сүргийхээ бүтцийг сайжруулсан байна.

“Алтан төл”-ийн эзэн Ж.Давааням Ерөө сумын малчид дундаа нэр хүндтэй, хөдөлмөрч, хүнд тусархаг, мал маллах арга туршлага маш сайтай нэгэн. Нутгийн малчид ч түүний үгийг сонсож зөвлөгөө авдаг гэнэ.

 

Өөрөө залуу хүн хэдий ч залуу малчны залгамж халаа цөөрч байгаа өнөө үед мал маллах сонирхолтой залуу гэр бүлүүдийг ихээр дэмждэг. 2003 оноос өдөөрийг хүртэл 16 жил Ерөө суманд мал аж ахуй эрхлэхдээ 5 өрхийг бодитойгоор малжуулан нийт 2000 орчим толгой малтай болгон амьдралд нь тус дэм болсон байна. Түүний дүү Ж.Батням, Ж.Балжинням нарыг Ж.Давааням өөрөө сурган малчин болгосон бөгөөд өөрийнхөө сүргээс тасалж өгсөн мал нь өнөөдөр өсөж, 2018 оны мал тооллогоор нэг нь 702, нөгөөх нь 780 толгой мал тоолуулжээ.

Дашрамд дурдахад 1990-2000 оны эхэн үед “Алтан төлийн эзэн” шагнал олгохдоо тухайн малчны малын тоо толгойг чухалчилдаг байсан ч өнөөдөр малын тоо толгой өсөж 66.5 саяд дөхсөн тул бэлчээрийн даац тодорхой хувиар хэтэрсэн. Иймд шагналын болзлыг өөрчилж эрчимжсэн МАА хөгжүүлэх төрийн бодлоготой уялдуулж байна.

“Алтан төлийн эзэн” шагналын болзол нь:

1. Сүүлийн гурван жилийн төл хүлээн авсан хувь хэмжээ болон мал сүргийн тоон үзүүлэлт.

2. Мал сүргийнхээ чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд сүргийн бүтэцдээ анхаарсан байдал.

3. Нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэх, малчдыг ажлын байраар хангах зэрэгт анхаарсан, малгүй өрхөд тусалж дэмжсэн үзүүлэлт.

4. Малынхаа ашиг шим уламжлалт үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалдаа хамрагдсан байдал.

5. Сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагааг дэмжиж ажилласан зэрэг үзүүлэлтүүдийг харгалзана.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.