СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-01-29

Хотын айлаас ч илүү тохь тухтай малчин айлд саатав...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

2019 оны “Алтан төл”-ийн эзэн Ц.Төгсжаргалын хотноос бэлтгэсэн сурвалжлага /Сэлэнгэ.Баянгол сум/

МҮОНРТ, ХХААХҮЯ-тай хамтран шалгаруулдаг “Алтан төл”-ийн эзэн шагнал 1976 оноос эхтэй аж. Тухайн үед Монголын радиогийн ХАА-н редакцын дарга н.Цэвэлмаа, СГЗ, сэтгүүлч Мятавын Цагаан нар энэ шагналыг санаачлан бий болгож байжээ. Өнгөрсөн хугацаанд “Алтан төлийн эзэн” шагнал маш цөөхөн малчинд очсон нь уг шагналыг шалгуур өндөртэйг харуулж байна. Нийт улсын хэмжээнд 400 шахам малчин айлын хойморт байх “Алтан төл”-ийн эзэн шагналтны нэг нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын малчин Ц.Төгсжаргалынх боллоо.

Хуучнаар Баруунхараа буюу Сэлэнгэ аймгийн Баянгол сумын иргэн Ц.Төгсжаргалын адуун сүрэг эзнээ мялааж 2019 оны “Алтан төл”-ийн /Алтан унага/ эзэн шагналын болзлыг хангажээ. Сар шинийн босгон дээр шагналыг нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын 29 дэхь Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн ИТХ-ын дарга Г.Бямбаа, Аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар гардуулан өглөө.

Тэднийх энэ жилийн өвөл сумынхаа Гонир багийн нутагт өнөтэй сайхан өвөлжиж байна. Малчин айлд буюу уулын энгэрт байх өнөтэй дулаан өвөлжөөнд очих юм бодсон бидний сэтгүүлчид хотын ганган айлаас дутахааргүй тохь тухтай малчин айлд ирээд үнэхээр гайхсан билээ. Малчин айл гэхээр нь таван ханатай гэр, тал дүүргэсэн малтай байдаггүйг орчин цагийн эрчимжсэн МАА-тай айлын жишээ Ц.Төгсжаргалынх харуулж байна.

70 насыг шүргэж байгаа Ц.Төгсжаргалын гэрийн эзэн гурван жилийн өмнө бурхан болжээ. Аймаг, улсын алдарт уяач байсан эр нөхрийнхөө ажил үйлсийг үргэлжлүүлж яваа энэ хатагтай 43 жил мал маллаж амьдарч байгаагаа бидэнд ярилаа. Хурдан удмын адуун сүрэгтэй энэ айлын уяа энэ жил 5 айраг түрүүгээр эздээ баярлуулжээ. Мөн энэ жил 30 унагыг осол эндэлгүй бойжуулсан зэрэг нь эздийгээ “Алтан төл”-ийн эзэн болох эх суурийг тавьж өгчээ.

 

1990-2000 оны эхэн үед “Алтан төлийн эзэн” шагнал олгохдоо тухайн малчны малын тоо толгойг чухалчилдаг байсан ч өнөөдөр малын тоо толгой өсөж 66.5 саяд дөхсөн тул бэлчээрийн даац тодорхой хувиар хэтэрсэн. Иймд шагналын болзлыг өөрчилж эрчимжсэн МАА хөгжүүлэх төрийн бодлоготой уялдуулж байна.

“Алтан төлийн эзэн” шагналын болзол нь:

1. Сүүлийн гурван жилийн төл хүлээн авсан хувь хэмжээ болон мал сүргийн тоон үзүүлэлт.

2. Мал сүргийнхээ чанар чансаа, үүлдэр угсааг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэхийн тулд сүргийн бүтэцдээ анхаарсан байдал.

3. Нутаг орондоо шинэ залуу малчин бэлтгэх, малчдыг ажлын байраар хангах зэрэгт анхаарсан, малгүй өрхөд тусалж дэмжсэн үзүүлэлт.

4. Малынхаа ашиг шим уламжлалт үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрүүл мэнд, нийгмийн даатгалдаа хамрагдсан байдал.

5. Сум орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулсан, малчдын бүлэг хоршоо, нөхөрлөл хамтын ажиллагааг дэмжиж ажилласан зэрэг үзүүлэлтүүдийг харгалзана.

Ээж, хүү хоёр шагналаа гардаж авсны дараа

Түүний том хүү н.Довдонбат аавынхаа үйлсийг үргэлжлүүлж хурдан морь уяж байгаа

Гэрийн эзэгтэй Ц.Төгсжаргал Улаанбаатар хотод төрж, хотын төвийн 24 дүгээр сургуулийг төгссөн хэдий ч ажлын гараагаа Хонгорын Сангийн аж ахуйд саальчнаар эхлүүлжээ. Харин 1991 оноос өнөөдрийг хүртэл хувиараа  мал аж ахуй эрхэлж байна. Тэрбээр 43 жил мал маллах хугацаандаа жил бүр 1 эхээс төллөх хургыг 98-110 хувь бойжуулан авч байжээ.

Ц.Төгсжаргалын хотонд олон малтай айлын ноолорсон шинж алга. Цэмцгэр хашаа байшин, хашааны гаднах агуулах, саравч, малын багахан хот хороотой. Мөн тахиа, галуу, нугас, цацагт хяруул хүртэл тэжээдэг аж. 12х6 м харьцаатай фермерийн барилга, 5х6 м харьцаатай адууны чүчээг блок, палкаар барьжээ.

 Ц.Төгсжаргалын адуун сүргийн манлай

Малын тоо толгойнд анхаардаггүй. Эрчимжсан МАА буюу чанартай цөөн тооны мал маллаж, газар тариалангийн өлгий нутаг болсон аймгийнхаа хэрэгжүүлж байгаа бодлогыг үлгэр жишээ хэрэгжүүлж байгаа айл юм.

Эднийх 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор ердөө 135 адуу, 17 үхэр, 50 хонь, нийт 202 толгой мал тоолуулжээ. 135 адууны дийлэнх нь хурдны удамтай гэхээр часхийсэн чанартай хэдхэн малтай гэдэг нь андашгүй. Цэвэр араб азарга, англи үүлдрийн эрлийз азарга, Жаргалант үүлдэрийн гүүгээр адуугаа сайжруулан үржил селекцийн ажлыг мэргэжилтний зөвлөгөө заавраар өсгөн үржүүлсэн аж.

Ц.Төгсжаргал нь мал аж ахуйгаас олох ашгаараа гэр бүлийн орлогоо бүрдүүлэхээс гадна өөрийн өрх тусдаа 3 хүүдээ мал таслан малчин удмаа өвлүүлэн уламжлуулж, 2018 оны байдлаар хүүхдүүд нь 150 гаруй үхэр, 50 гаруй адуутай, 3 фермерийн аж ахуй эрхэлж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.