Сонгинохайрхан дүүргийн XXVIII хороо буюу Баянхошууны Хөтөлийн автобусны буудлын хойхно хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асран хамгаалдаг, хооллож ундлаж, орон гэр нь болдог нэгэн буянт газар бий. Тодруулбал, “Ачлалт хүүхдүүд”-ийн Б.Саранбаатар гэхээр танихгүй хүн ховор биз. Б.Саранбаатар нь эхнэр Я.Болороогийнхоо хамт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах ажлыг 2015 оноос эхлүүлсэн байдаг. 1000 гаруй хүнд тусламжийн гараа сунгасан энэ цагийн эгэл баатаруудыг уншигч тантай уулзуулъя. “Ачлалт хүүхдүүд” төвд одоогоор хөгжлийн бэрхшээлтэй 33 иргэн асран хамгаалуулж байна.
-Хамгийн их асаргаа, анхаарал, халамж шаарддаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч асардаг төв байгуулах болсон шалтгаан юу вэ?
-Би 2015 онд анх ХанУул дүүргийн “Маршал таун” хотхонд “Өндөр настан” төвийг байгуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах болсон. Миний аав хөгжлийн бэрхшээлтэй хүн байсан. “Ачлалт хүүхдүүд” төвийг байгуулахад аав минь их нөлөөлсөн гэж боддог. Монголд Батсүмбэрийн ахмадын асрамжийн газраас өөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч харж ханддаг газар байдаггүй. Гэхдээ хамгийн сэтгэл эмзэглэмээр нь тахир дутуу болон хавдартай иргэд асар олон байна. Айл бүхэнд энэ төрлийн өвчтөн байна шүү дээ.
-Асрах, хамгаалах төв байхгүй ч хууль, эрх зүйгээр нь хамгаалдаг байх?
-Монголд ахмадын асаргааны тухай хууль тогтоомж байхгүй. Харин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах тухай хуулинд тэднийг гэрээр төлбөртэй асаргаа сувилгаанд хамруулж болно гэж заасан байдаг юм.
-Анх “Өндөр настан” төвд хэдэн хүн хамрагдаж байв. яагаад төвийнхөө нэрийг “ачлалт хүүхдүүд“ болгож өөрчлөв?
-Нэрээ өөрчилсөн нь их учиртай. Анх зөвхөн өндөр настай хүмүүсийг асарч тойглодог сувилал байсан. Гэтэл бидэнд өндөр настнуудыг асруулах хүмүүс хандахаасаа илүү хөгжлийн бэрхшээлтэй залуусыг асраад өгөөч гэх санал их ирдэг байсан. Энэ хүмүүст зориулсан асрамжийн газар байгуулах ёстойг тэгэхэд ойлгосон. “Өндөр настан” төвийг анх 10 ортой байгуулж байлаа. Тус 10 орныхоо тавыг нь төлбөртэй, таван орыг нь төлбөргүй болгож байсан. Ийм байдлаар ажилласаар сүүлдээ байрныхаа түрээсийг төлж чадахааргүй болж үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрсэн. Өөрөө асран хамгаална гэж хүлээж авсан таван хүнээ асрамжийн газар өгөх талаар судалж үзсэн ч архивын мэдээллийг нь шалгахаар эхнэр хүүхэдтэй, эсвэл гэрлэлтийн баталгаатай гэсэн бүртгэлтэй байдаг байв. Иймэрхүү асуудлаас болоод асрамжийн газрууд тэднийг аваагүй.
Ингээд би эхнэртэйгээ зөвлөлдөж “Москва” хороолол дахь хоёр өрөө байрандаа нөгөө таван хүнтэйгээ нэг жил гаруй хугацаанд хамт амьдарсан. Би хэдийгээр “Өндөр настан” төвийнхөө үйл ажиллагааг зогсоосон ч, хороод болон өөр асрамжийн газраас над руу хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч асраач гэсэн санал тавьсаар л байлаа. Ингэж ярих бүрт нь “үгүй” гэж түлхэж чадахгүй авдаг байлаа. Ийм байдлаар энд тэндээс энэ хүмүүсийг авсаар өдгөө 33 хүнтэй байна. Орон байргүй ч хүмүүсийн тоо ихэссээр байсан учраас “Ачлалт хүүхдүүд” төвөө байгуулсан. Бид чинь ижил дасал болцгоогоод, биднийг хоёр хүүхэд шигээ л хайрлаж халамжилна шүү дээ.
-Энэ байр түрээсийнх үү, өөрсдөө барьсан уу?
-Худалдаа хөгжлийн банкнаас лизингээр авсан. Өмнө нь энэ байрны хоёр давхрын том өрөөг, нэг давхрын жижиг өрөөний хамт түрээслэдэг байлаа. Удалгүй түрээслүүлэгч талтайгаа маргалдаж гарсан. Энэ мэт түрээсийн байраар мөн ч их амьдарсан даа. Энэ байранд ороход Худалдаа хөгжлийн банкны хамт олон их тусалсан. Учир нь надад ямар ч барьцаагүй, урьдчилгаагүйгээр найман хувийн зээлд хамрагдах боломжийг олгосон. Ингээд буцаж ирээд энэ байрыг есөн жилийн хугацаатай 375 сая төгрөгөөр лизиндэж авсан. Жилд 60 сая төгрөг төлдөг. Анхны төлөлтөө 2019 оны дөрөвдүгээр сард хийх ёстой. Санаж явахад бүтнэ гэдэг шүү дээ.
-Таны энэ сайн үйлсийг дэмжиж хамтарч ажилладаг байгууллагууд бий юү?
-Байрныхаа засвар, тохижилтын ажлыг хийхэд Сан Франциско, Лос Анжелос дахь монголчууд үнэхээр их тус болсон. Мөн дипломат эмэгтэйчүүдийн холбоо гурван сая төгрөгийн тусламж үзүүлсэн. Энэ үеэр Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон маш том тус хүргэсэн. Энэ хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бидэнтэй хамтарч ажилласаар л байгаа.
-Та ер нь ямар мэргэжилтэй хүн бэ?
-Би тавдугаар ангийн боловсролтой. Эрхэлсэн мэргэжилгүй, хавар намартаа тариалангийн ажил хийдэг. Өвөлдөө ажилгүй байдаг.
-Эдгээр хүмүүс улсаас халамж авдаг уу?
-Манай байгууллага 2017 онд магадлан итгэмжлэгдсэн. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран ажиллах гэрээ байгуулснаар тэд өдөрт нэг хүний хоолны зардлыг 5000 төгрөгөөр тооцож зардлыг нь даадаг болсон. Манайх ашиглалтын зардлаа өөрсдөө хариуцдаг. Энэ хүмүүс сард 150 мянган төгрөгийн тэтгэмжтэй ч халамжийн мөнгө нь ихэвчлэн эм, тарианых нь мөнгөнд таардаг. Ер нь хувийн хэвшлийнхэн улсын ажлыг нуруун дээрээ үүрч явдаг.
-2015 оноос хаалгаа нээсэн төвийн үйл ажиллагаа нэлээд жигдэрчээ. Гэхдээ уучлаарай, хүн нас барвал буяных нь ажлыг танайхаас хариуцаж хийдэг үү?
-Зургаан хүн нас барсан байдаг. Энэ хүмүүс бүгд ар гэргүй, харж хандах ах дүү, үр хүүхэдгүй учраас эхнэр бид хоёр л буяны ажлыг нь хийнэ. Хүний ёсоор нутаглуулахыг л боддог. Улс ийм хүмүүсийг хол хаясан шүү дээ.
-Өдий болтол нь өөд нь татсан төвөө томруулъя, хараа хяналтгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн юм хийе гэсэн холын бодол бий байх?
-Стандартад нийцсэн асрамжийн газар байгуулах зорилгоор “Ачлалт үйлс” төслийг 2017 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд сайн дураараа нйигмийн ажил хийх залуучуудыг нэгтгэж, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Ачлалтай2017” тоглолт зохион байгууллаа. Энэ тоглолтыг хөгжлийн бэрхшээлтэй 3000 иргэн үзсэн. УИХ-ын гишүүдэд хүртэл тасалбараа зарсан.
-Тоглолтын тасалбарыг хэдэн гишүүн худалдаж авсан бэ?
Би шантарчихвал энэ хүмүүсийг хаашаа, хэн рүү явуулах юм. Эднийгээ харахаар зүрх шимшрэх үе бишгүй гарна. Гадуур дагуулаад гарахаар хүмүүс тэднээс цэрвэдэг ч гэсэн би дотроо яагаад миний хүүхдүүдээс айгаад байгаа юм, тэд ямар гэм хийсэн билээ гэж боддог шүү.
-Долоон гишүүн билет авсан. Тоглолтын санхүүг дан ганц манай байгууллага хариуцна гэдэг хүнд учраас “MSC” групп, Худалдаа хөгжлийн банк, зэрэг олон байгууллага бидэнтэй хамтран ажилласан. “Ачлалт” төслийн хүрээнд Ар гүнтэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан амралтын газар барихын зэрэгцээ асрагч нарын сургалтын бааз бий болгохоор төлөвлөөд байна. Энэ бүтээн байгуулалтын санхүүжилтийг Японы талаас шийдвэрлэж өгөхөөр тохирсон. Хэрэв санхүүжилтээ шийдчихвэл бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлнэ.
-Асрагч, сувилагч нар их чухал үүрэгтэй юм байна гэсэн бодол төрлөө. ажилчдаа чадавхжуулах тал дээр ач холбогдол өгдөг үү?
-Японы “М Линк Холдинс” группийн асаргааны мэргэжилтэн Касай Наоки зургаан сарын өмнө Монголд ирж, манай байгууллагын үйл ажиллагаатай танилцсан. Энэ хүн манай төвтэй хамтарч ажиллах хүсэлт тавьсан. Мөн намайг өөрийн орондоо зочлохыг хүссэн. Хэрэв бид тус байгууллагатай хамтын ажиллагаатай болбол нэн түрүүнд асрагч нараа харилцан солилцож сургах, туршлага судлах боломжтой болно. Бид гаднын туршлагаас нэвтрүүлж байж чадварлаг хамт олонтой болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асаргаа, сувилгаагаар эх орондоо тэргүүлэгч төв болохыг хүсдэг. Одоогоор бид асрагч нартаа
14 хоногт нэг удаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зан үйл болоод, тэдэнтэй харилцах дадлага хэвшүүлэх үүднээс сургалт зохион байгуулдаг. Тэднийг аль болох өндөр цалинтай, тогтвортой ажлын байраар хангахыг эрмэлзэж байна.
-Энэ чиглэлд үйл ажиллагаа явуулж байгаа хүний хувьд төрөөс шалтгаалсан хүндрэл байна уу?
-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах асуудал нэн чухал байна. Өөрөө өөртөө туслах чадамжгүй энэ хүмүүсийг хамгаалах талаар харьцангуй бага ярьж байна. Тиймээс энэ хандлагыг өөрчлөхийг хүсдэг. Тиймээс л зөвхөн ахмадуудыг асрах биш, бүх насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асрах чиглэлд анхаарна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зовлонг төр сонсохоо болиод удаж байна.
-Танайд хэдээс хэдэн насныхан байна вэ?
-Асран хамгаалагч, хань ижил, эцэг эх, үр хүүхэд, ах дүү нараа алдсан 1890 насны 33 хүн байна.
-Архаг хууч өвчтэй хүн бий юү. Ихэвчлэн ямар эмчилгээ, асаргаа хийдэг вэ?
-Архаг хуучтай гэхээсээ илүү унаж, татдаг хүмүүс бий. Зөнөсөн хөгшчүүд ч байна. Энэ хүмүүст амьдралын энгийн дадал хэвшүүлэхэд анхаардаг. Мөн сэтгэл санааг нь өргөх сэтгэл заслын эмчилгээ хийнэ. Орчны тайван байдал их чухал. Хүн нэг бүртэй харьцана. Бие засуулах, хоол идүүлэх, энгийн дадал хэвшилд сургах гээд урт хугацаа шаардсан эмчилгээ, асаргаа хийнэ шүү дээ.
-Эдгээр хүн танд баярлаж талархсанаа илэрхийлдэг үү?
-Нэг удаа би эхнэртэйгээ хамт дархан руу Амраа гээд хөгжлийн бэрхшээлтэй хүүг авчирах гээд явсан. Бид тэр үед явсаар байгаад шөнө дунд гэртээ ирсэн. Гэтэл манай хэд унтаагүй ширээ засчихсан бид хоёрыг хүлээж байсан. Бас болоогүй биднийг өдий зэрэгтээ авч яваа та хоёртоо баярлалаа гээд хоол хийчихсэн угтсан нь санаанаас гардаггүй.
-Шантрах үе байдаг уу?
-Энэ хүмүүс зүгээр нэг тахир, дутуу биш, оюун санааны хүнд бэрхшээлтэй болохоор тулж ажиллахад хэцүү. Нэгэнт л эхлүүлсэн болохоор шантрах үе байлаа ч буцах зам үгүй. Би шантарчихвал энэ хүмүүсийг хаашаа, хэн рүү явуулах юм. Эднийгээ харахаар зүрх шимшрэх үе бишгүй гарна. Гадуур дагуулаад гарахаар хүмүүс тэднээс цэрвэдэг ч гэсэн би дотроо яагаад миний хүүхдүүдээс айгаад байгаа юм, тэд ямар гэм хийсэн билээ гэж боддог шүү.
-Та аль нутгийн хүн бэ?
-Сэлэнгэ аймгийн шаамар сумынх. Багаасаа л эмээ дээрээ өссөн. Малчны хотонд өссөн хүн.
-Зарим хүний үйлдэл удамшдаг гэдэг. Таны удамд энэ төрлөөр буян хийж байсан хүн байв уу?
-Олон жилийн өмнө далай лам Монголд ирээд манай эмээгээр цай чануулаад цайных нь дээжийг өргүүлж байсан гэдэг. Тухайн үед “Жанрайсаг” бурхан бүтээхэд эмээ маань тавилгатай таван ханатай гэрээ “Жанрайсаг” бурханы доор хурааж байсан түүхтэй гэнэ билээ. Монгол бөхийн өргөө байгуулагдахад 10 сая төгрөгийг эмээ маань хандивлаж байсан юм гэдэг. Эмээгийнхээ буянт үйлсийг би үргэлжлүүлэх тавилантай бололтой.
-Эхнэрээ танилцуулаач?
-Би 2005 онд Сэлэнгэ аймгаас Улаанбаатарт анх удаа ирж байсан. Тэр үед би ханиад хүрээд Сонгинохайрхан дүүргийн I хорооны өрхийн эмнэлэгт очиж үзүүлсэн юм. Хань маань тэнд эмчээр ажиллаж байхад нь анх танилцаж билээ. Тэр ондоо анхны хүүхдээ өлгийдөн авсан. Эхнэр минь яаралтай түргэн тусламжийн 103 төвд эмчээр ажиллаж байгаад 2016 онд миний хүмүүнлэгийн ажилд нэмэр болно гээд ажлаасаа гарсан. Одоо асрамжийн газартаа эмчээр ажилладаг.
-Цаашид ТББ-аа өргөжүүлэх үү, үр хүүхдэдээ өвлүүлэх үү?
ТББ-ын тухай хуульд тухайн хүн ТББ-ынхаа үйл ажиллагааг зогсоосон тохиолдолд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагад шилжүүлэн өгнө гэж заасан байдаг. Ойрын 10 жилийн хугацаанд энэ байрыг өр зээлээс чөлөөлөөд, амралтын газраа бариад өгчихвөл болно. Бидний зорьсон үйл хэрэг бүтэх нь тэр. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой залуус байвал өгнө дөө.
-Хувийн амьдрал орхигдохгүй байна уу. Энэ олон хүмүүсийг асарч хамгаалахаас гадна хоёр хүүхдэдээ анхаарал тавих зав гардаг уу?
-Эхнэр бид хоёр айлаар явж, хэвтрийн хүнд асаргаа хийдэг. Олон нийтийн асаргаанд түшиглэсэн асрамжийн үйлчилгээг явуулахдаа дүүрэг, хороодуудын халамжийн ажилтнуудаас мэдээлэл авдаг. Нэг айлд очиход 7000 төгрөг байдаг. Манай асрагч нар өөрийн төв дээрээ 24/48 цагаар ажиллахын хажуугаар, гэр асаргаа хийдэг.
-Одоо хүн нэмж авах уу?
-Ер нь харж хандах хүнгүй, өөрийгөө аваад явах чадваргүй хүмүүсийг манай төв авсаар л байх болно.
Б.Оюунжаргал