Монгол улсын экспортын орлогын 90 гаруй, дотоодын нийт бүтээгдэхүүний 20 гаруй хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Тиймээс ч тус салбарын хөдөлгөөнийг эдийн засагчид гэлтгүй ард нийтээрээ анхааралтай хардаг хэрэг. Анхаарахаас ч аргагүй айхтар өндөр тоонууд ярьдаг л даа. Мөн уул уурхай дагасан элдэв бүлэглэл, ашиг сонирхол бизнесийнхэн болоод улстөрчдөд байдаг юм биш биз гэсэн хардлага тасардаггүй. Өнгөрсөн оны хавар “Эрдэнэс Тавантолгой”-н ордоос ихээхэн хэмжээний нүүрс алдагдсан тухай мэдээлэл тарж байлаа. Ерөнхий сайд Хятадад айлчлаад буцахдаа урд хилээр газраар орж ирээд “Хулгайчдыг уучлахгүй” гэж хэлж байсан нь ч хэвлэлийн хуудаснаа үлджээ.
Түүний дараахан буюу 2018 оны дөрөвдүгээр сарын 18-нд УИХ-ын гишүүн Л.Энхболд мэдээлэл хийж байсан юм. Тэрбээр “Уул уурхай дагасан зохион байгуулалттай гэмт хэргийн мафижсан бүлэглэл бий болоод байна. Гуравдугаар сард нэгэн сайтад “Эрдэнэс Тавантолгойн” нутаг дэвсгэрээс 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн Тавантолгой хил давуулсан байна” гэсэн мэдээлэл гарсан. Би энэ асуудлаар Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад хандсан. Ингээд мэргэжлийн хяналтаас “Эрдэнэс Тавантолгой”, орон нутгийн “Тавантолгой” хоёрын хамтран гаргасан ажлын хэсгийн акт надад ирсэн. Актан дээр “Эрдэнэс Тавантолгойн” талбайгаас 268 мянган тонн нүүрсийг орон нутгийн “Тавантолгой” давж олборлосон байна гэдгийг баталгаажуулсан.
Тиймээс орон нутгийн Тавантолгой нь уу, Эрдэнэс Тавантолгой нь уу хэн нь буруутай вэ гэдгийг тогтоохын тулд би гуравдугаар сарын 28-нд АТГ-т хандсан. 268 мянган тонн нүүрс гэдэг бол 20 орчим сая ам.доллар болох юм. Энэ хэрэгт орон нутгийн Тавантолгой холбогдвол өрөнд орох магадлалтай байна. Энэ нүүрсийг хулгайлсан гэсэн хардлага байна. Өмнө нь 2010-2011 онд Гаалийн мэдүүлэггүйгээр 379 мянган тонн нүүрс хилээр гарсан байдаг. Энэ асуудлыг одоо болтол хууль хяналтын байгууллагынхан эцэслэн шийдвэрлээгүй. Магадгүй 268 мянган тонн нүүрс ийм замаар гараад явчихсан юм биш биз дээ гэдэг хардлага надад төрж байна” гэж байлаа.
Саяхан Жижиг, Дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотойгоор дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ хэлэлцэхэд Л.Энхболд “Би тэр мөрдөн байцаалтад ямар нэгэн саад учруулаагүй. АТГ-аас дуудсан цаг хугацаанд очиж гэрчийн мэдүүлэг өгсөн. Хариуцлагатайгаар хэлэхэд би ЖДҮХС-гийн зээлтэй ямар ч хамаагүй. Нүүрсний асуудлыг 2018 оны гуравдугаар сарын 28-нд АТГ-т өгсөн. Өнөөдөр бараг жил болох гээд явж байна. Үүнтэй холбоотой ямар нэгэн ахицтай юм гараагүй гэж харж байгаа. Яг үнэндээ энэ нүүрсний хулгайчид бол тодорхой хэмжээнд хүмүүсээс арга хэмжээ авчихдаг хүмүүс юм байна. Анх татварын нөлөө бүхий албан тушаалтан нүүрсний хулгайчдын 243 тэрбум төгрөгийн асуудлыг босгож тавьсанаараа зургаан сар хоригдож, амьдрал ахуйгаараа хохирсон. Гэтэл нүүрсний хэрэг нь өнөөдөр хэрэгсэхгүй болсон байна.
Дараа нь 2013 онд Гаалийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар хамтарч шалгасан шалгалтын дүнд 379 мянган тонн нүүрс буюу 3758 машин хилээр гаалийн бүрдүүлэлтгүй гарсныг шалгаж тогтоосон байдаг. Яг үүнийг шалгасан гаалийн нөлөө бүхий албан тушаалтан 2.6 жилээр ял аваад саяхан суллагдсан байна. Эдгээр хүмүүс надад ирж хэлэхдээ “Та бол их л буруу юмаар оролдож байна даа. Таныг яаж ийж байгаад цааш нь явуулчих ийм л улсууд шүү” гэсэн юм. Харин УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр улсын ерөнхий прокурор М.Энх-амгалан “2013 онд хаачихсан ийм асуудал байдаг.
Энэ хэргийг сэргээх асуудал яригдсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр бас сэргээх боломжгүй болчихоод байж байгаа. Яах аргагүй ноцтой асуудал үүссэн байдаг. Машинуудыг аваачаад хоосноор бүртгээд цааш нь гаргачихсан, тэгээд татвараас зайлсхийчихсэн. Тэгээд нэлээд их хэмжээний татвартай ийм асуудал байгаа юм. Түүнийг танд дараагаар нь шаардлагатай гэж үзвэл мэдээлэл өгье” гэж байв. Эдгээрээс үүдээд нүүрс олборлолтыг дагасан, өөрсдөдөө илүүтай ашиг унагах гэсэн бүлэглэл байдаг юм биш биз гэсэн хардлага олон нийтийн дунд төрсөн.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт Ерөнхийлөгч Х.Баттулга прокурорын байгууллагын удирдах ажилтнуудын зөвлөгөөн дээр очихдоо иргэний хувиар Тавантолгойн ордын асуудлаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Ард түмний өмчлөлд байдаг Тавантолгойн орд газрыг гэрээгээр халхавчлан саяхан 60 жилээр тэгээд автоматаар 40 жилээр буюу 100 жилээр дахин, дахин сунгагдах нөхцөлтэйгөөр үнэгүй өгөх оролдлого гарсан. Энэ хэргийн талаар тодорхой баримтуудыг дурдая. 2015 оны дөрөвдүгээр сард Засгийн газар ийм гэрээ байгуулах гэж байсныг тухайн үеийн УИХ-ын удирдлага, УИХ-д сууж буй 76-аас 40 гишүүн нь зогсоосон. Тэдний нэг нь би юм. Тавантолгойн ордыг ингэж ард түмэндээ авч үлдсэн. Эдийн засгийн асар их боломжтой, өгөөжтэй ийм компанийг хууль зөрчин ард түмний өмчлөлөөс гаргаад гадныханд 100 жилээр үнэгүй өгөх гэрээг байгуулах үйл ажиллагааг төрийн өндөр албан тушаалтнууд зохион байгуулсан байна.
1960-1990 он хүртэл Тавантолгойн ордын нөөцийг төрийн хөрөнгөөр хайгуул хийж тогтоож, цогцоор ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг баталж, орон нутгийн чанартай уурхай ажиллаж эхэлсэн байна. 1960 оноос хойш шүү. Гэтэл хувийн компани уг ордод хайгуул хийж, нөөц тогтоосон гэдэг худал мэдээллүүдийг гадныхантай нийлж хууль бусаар хувьчилж авах авах оролдлого удаа дараа хийсэн. Төрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон төрийн өмчийн ордыг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр хэн нэгэнд өгч хэрхэвч болохгүй.
Тухайлбал, Монгол улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдсон Цахиагийн Элбэгдорж гэдэг хүн энэ үйл ажиллагааг зохион байгуулсан. М.Энхсайхан гэж 1996 онд Ерөнхий сайд байсан хүнээр гардан гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулсан нь бүгд баримт, нотолгоотой байгаа. Би бүр тодорхой эзэнтэй ярьж байна шүү. Энэ бол албан тушаалын гэмт хэрэг мөнөөс мөн. 1960-1990 он хүртэл Тавантолгойн ордын нөөцийг төрийн хөрөнгөөр хайгуул хийж тогтоож, цогцоор нь ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг баталж, орон нутгийн чанартай уурхай ажиллаж эхэлсэн байна. 1960 оноос хойш шүү. Гэтэл хувийн компани уг ордод хайгуул хийж, нөөц тогтоосон гэдэг худал мэдээллүүдийг гадныхантай нийлж хууль бусаар хувьчилж авах оролдлого удаа дараа хийсэн.
Төрийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон төрийн өмчийн ордыг хууль бусаар, үнэ төлбөргүйгээр хэн нэгэнд өгч хэрхэвч болохгүй гэдгийг та бүхэн эрх биш ойлгож байгаа болов уу гэж бодож байна. Үндсэн хуулиа хэрэгжүүлж газрын баялгийн жинхэнэ эзэд нь болсон иргэд үр шимийг нь хүртэх ёстой. Үүнийг Үндсэн хуулийн 6.1-д заасан байгаа. нэгдүгээрт, энэ 2015 онд 100 жилээр авах гэсэн дайрсан дайралт, дараагийнх нь Ж.Эрдэнэбатын Засгийн газар 2016 оны арваннэгдүгээр сарын 16-нд 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор буюу 2016 оны арванхоёрдугаар сарын 31ний дотор Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэх ажлын хэсэг байгуулахыг Ц.дашдоржид даалгасан байгаа.
Энэ үр өгөөжтэй ордыг 100 жилээр авах оролдлого дахиад хийгдсэн байна. 100 жилээр өгөх гэсэн 178 хуудастай гэрээ байна. Үүнийг өгье. уул уурхайн энэ эмх замбраагүйтэл 1990 оноос эхэлж зохион байгуулалттайгаар явсан. а4-ийн цаасаар Монголын баялаг бүгд гар дамжин зарагддаг болсон. Эргээд энэ мөнгийг уИХ-ын гишүүд сонгуульд ашигладаг болсон” гэсэн юм. Ерөнхийлөгчийн үгэнд дурдагдсан “1960-1990 он хүртэл Тавантолгойн ордын нөөцийг төрийн хөрөнгөөр хайгуул хийж тогтоож, цогцоор ашиглах техник эдийн засгийн үндэслэлийг баталж, орон нутгийн чанартай уурхай ажиллаж эхэлсэн байна. 1960 оноос хойш шүү. Гэтэл хувийн компани уг ордод хайгуул хийж, нөөц тогтоосон гэдэг худал мэдээллүүдийг хийж, гадныхантай нийлж хууль бусаар хувьчилж авах оролдлого удаа дараа хийсэн” хэмээх үг асуулт дагуулж байна. Мөн Ерөнхийлөгч хувийн компани гэж чухам аль компанийг хэлж байгаагаа асуултын тэмдэгтэй үлдээсэн юм. Магадгүй энэ үгээрээ орон нутгийн Тавантолгойгоос хувь эзэмшдэг “ажнай” корпорацийг ч дайруулсан байж мэдэх юм гэсэн хардлага төрж байна. Үүний дээр УИХ-ын гишүүн Л.Энхболдын хэлээд байгаа баримтууд бий. Тиймээс “ажнай” корпорацийн УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнээс энэ талаар одоо асуух хэрэгтэй болов уу. Түүний корпораци орон нутгийн Тавантолгой компаниас хувь эзэмшиж, өмнийн говийн баялгаас үр шим хүртдэг гэдэг утгаар шүү дээ.
Д.Пүрэв