Говийн бүсийн бурхан шашны төв төдийгүй аймгийнхаа аялал жуулчлалын гол бүсэд тооцогддог Хамарын хийдээс долоон километрийн зайд БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Даблью Эс Жи Эл” компани нүүрс олборлохоор машин техникээ зэхэж эхэлсэн талаар мэдээлэл байна. Ашигт малтмалын газраас Дорноговь Аймгийн сайншанд, Өргөн, Эрдэнэ сумдын нутгийг дамнуулан “Хар тал” төслийн ашигт малтмалын хайгуулын зөвшөөрлийг “АОЛК” компанид 2007 онд анх олгож байжээ. улмаар “АОЛК” компанийн хайгуулын ажлын үр дүнг үндэслэн 2007 оны арваннэгдүгээр сард ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2047 хүртэл 40 жилийн хугацаатай олгосон байна. “АОЛК” компани ашиглалтын зөвшөөрөл авсан даруйдаа Хамарын хийд орчимд авсан лицензээ “Оуяашиёоу” гэх компанид шилжүүлсэн аж. Харин 2009 онд ээлжит жилийн төлбөрийг урьдчилан төлөөгүй гэх үндэслэлээр зөвшөөрлийг нь цуцалсан байна. Гэвч нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны шийдвэрийг үндэслэн ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн аж.
Мөн Дорноговь аймгийн ИТХ-аас 2014 онд Хамарын хийд орчмын 45200.38 га талбайг түүх соёлын дурсгалт газрын ангиллаар аймгийн тусгай хамгаалалтад авч, ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын бүртгэлд 45164.38 га талбайгаар бүртгэжээ. Гэвч аймгийн тусгай хамгаалалттай Хамарын хийдийн талбайтай “Оуяашиёоу” компанийн ашиглалтын талбай давхцалтай байгаа юм. Тус компани нь тусгай зөвшөөрөл авснаас хойш огт үйл ажиллагаа явуулаагүй. Энэ хугацаанд Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ, ТЭЗҮ, археологи, палеонтологийн судалгаа зэрэг судалгаа хийсэн байдаг. аймгийн удирдлагуудын мэдээлснээр “Түүхийн үнэт дурсгал бүхий газарт хайгуулын ажил явуулж болохгүй” хэмээн тус компанид удаа дараа сануулж байжээ. нутгийнхны зүгээс багагүй эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм байна.
Харин БНХАУ-ын компанийн зүгээс “Бид танай улсын Засгийн газраас хайгуул хийх зөвшөөрөл авсан. нөгөө талаар нэгэнт ажил явагдаад багагүй хугацаа өнгөрсөн, илэрц гарсан, хайгуул хийх явцад хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн” гэх тайлбар тавьсаар ирсэн байна. сүүлд гурван сумын нутаг дамнасан “Хар тал” төслийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хоёр хувааж, “даблью Эс Жи Эл” болон “Олон ихт баян” компанид хэсэгчлэн шилжүүлжээ. дашрамд дурдахад, XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт д.данзанравжаа үүсгэн байгуулсан Хамарын хийдийг зорих дотоод гадаадын жуулчдын тоо жилээс жилд өсч, 100 мянгаар тоологдож байгаа гэх албан бус тоо бий. Ялангуяа хавар сакура цэцэглэх цагаар дотоодын жуулчдын тоо эрс нэмэгддэг байна. сакура хөндийн цэцэгс дөрөвдүгээр сарын сүүлээс тавдугаар сарын эхний долоо хоногийн дотор гүйцэт дэлгэрдэг бөгөөд “даблью Эс Жи Эл”-ийн нүүрс олборлолт ч үүнтэй давхцах төлөвтэй байгаа гэнэ.
Д.Дорж