Агаарын бохирдолд удаан байвал илрэх шинж тэмдэгт толгой эргэх, дотор муухайрах хэмээсэн байдаг. “Утаанбаатар” хотын иргэдийг утаандаа манараад толгой нь эргэсэн гэж боджээ. Утаатай тэмцэж байгаа дүр эсгэн толгой нь манарсан дээр нь ард иргэдийн татварын мөнгийг хумслах аргаа олсон бололтой.
Сэргээгдэх эрчим хүчний хуулинд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхгүй байна. Тэгсэн мөртлөө агаарын бохирдлыг бууруулахгүй байж байгаад мөнгө идэх сэдэл нь төр засагт яасан ч их төрдөг юм дээ
Тэр нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинэ оны өмнөхөн цайлган сэтгэлтэй өвлийн өвгөн болж, жирэмсэн болон 0-5 хүртэл насны хүүхэдтэй эхчүүдийг тав хоног сувилалд амраах талаар маргааш ээлжит бус Засгийн газрын хурлаар шийдэх гэж байна. Бас болоогүй ээ маш их бохирдолтой /1-4 дүгээр бүс/-д амьдарч байгаа жирэмсэн эхчүүд, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны 409 ба түүнээс доош оноотой хүүхдүүдийг тав хоног агаарт гаргаж, уушгийг нь цэвэрлэх юм гэнэ. Эмч мэргэжилтнүүд тав хоног агаарт гарснаар уушги цэвэрлэгдэнэ гэж байхгүй гэсээр байтал хамаагүй хэмээн зүтгэх нь ээ.
“Бид тав хоног агаарт гарах биш, дандаа цэвэр агаартай амьдармаар байна. Нэгээхэн хэсэг нь биш нийтээрээ цэвэр агаарт амьдармаар байна. Бүгдээрээ адилхан хордож, нэг агаараар амьсгалж байхад ялгаварлан үзэж байна. Хэзээ ч ээжүүд бид нар амралтанд амруулаад өг гэж хүсээгүй. Бид нэг удаа агаарт гарч тэнэгтмээргүй байна гэдэг тэмцэл өрнүүлмээр байна” хэмээн эцэг, эхчүүд өөрсдийн санаа бодлоо цахим орчинд илэрхийлж байгаа юм.
Жирэмсэн болон 0-5 насны хүүхдүүдийг таван хоног сувилалд амраахад та бидний татварын мөнгөнөөс найман тэрбум төгрөг зарцуулах гэнэ. Угаасаа сүүлийн арван жилд утаатай тэмцэхэд үр ашиггүй нийт 850 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ тоон дээр нэмэх 8 тэрбум гээд бичигдэх шийдвэрийг Засгийн газар энэ баасан гаригт гаргах бололтой.
Энэ шийдвэр гарсантай холбогдуулан эцэг, эхчүүдийн нэлээн эсэргүүцэлтэй тулсан Ерөнхий сайд “Утааны эсрэг ээж, аавууд” группын санаачилгыг хэрэгжүүлэхээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсныг ээлжит бус Засгийн газрын хурлаар танилцуулах юм хэмээн олны хэл амнаас бултах болов. Сангийн яамнаас дээрх найман тэрбум төгрөгийг гаргах чадамжгүй хэмээн нэг бус удаа мэдэгдсэн. Иймд маргаашийн ээлжит бус Засгийн газрын хуралдаанаар жирэмсэн болон 0-5 насны хүүхдүүдийг сувилалд амраах шийдвэр батлагдахгүй байх магадлал өндөр байгаа юм.
Ер нь Засгийн газар утаатай тэмцэж байгаа хэмээн хэлбэр төдий “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг ажил хиймээргүй байна. Тэрний оронд дээрх мөнгөөрөө урт хугацаанд агаарын бохирдолтой тэмцэх төсөл, хөтөлбөртөө зарцуулмаар байна. Угаасаа нүүрс түлж байгаа бол агаарын бохирдол арилахгүй нь тодорхой учраас сэргээгдэх эрчим хүч болон өөр бусад гарах гарцыг илэрхийлэх нь зүйтэй.
Засгийн газар утаатай тэмцэж байгаа хэмээн хэлбэр төдий “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг шиг ажил хиймээргүй байна
Нэг жилийн дотор утаанаас салахгүй гэдгийг ард иргэд ойлгож байгаа, бидэнд урт хугацааны тогтвортой бодлого шийдвэр хэрэгтэй байна. Нар, салхины эрчим хүчийг ашиглан урт хугацааны бодлоготой шийдвэрээр хямд өртөгтэй цахилгааны тарифаар гэр хорооллын айл өрхүүдийг хангах нь зүйтэй.
Ирэх оны тавдугаар сарын 15-наас нийслэлд түүхий нүүрс борлуулахыг хориглосон шийдвэр гарсан. Гэр хорооллын айл өрхүүдийг өвлийн улиралд яаж дулаахан хонох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байтал нүүрс түлэхийг хориглох нь буруу ч юм шиг зөв ч юм шиг. Сэргээгдэх эрчим хүчээр хангачихаад дээрх шийдвэрийг гаргасан бол амьдралд ойр байхсан.
Агаарын бохирдлыг бууруулах зөв гарцтай бодлого шийдвэрийг хэрэгжүүлье гэсэн сэтгэл манай төр засаг нь дутаад байна. Ахуйн хий рүү шилжих талаар огт ярихгүй байна. Цахилгаан эрчим хүчний дотоодын хэрэгцээгээ өөрсдөө хангадаг болъё гэж огт ярихгүй байна. Сэргээгдэх эрчим хүчний хуулинд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэхгүй байна. Тэгсэн мөртлөө агаарын бохирдлыг бууруулахгүй байж байгаад мөнгө идэх сэдэл нь төр засагт яасан ч их төрдөг юм дээ.