2050 онд хөхний хорт хавдрын тохиолдол 3.5 саяд хүрч өсөх төлөвтэй байна
"The Lancet Oncology" сэтгүүлд 2026 оны 3-р сарын 2-нд нийтлэгдсэн шинэ судалгаагаар 2050 он гэхэд дэлхий даяар хөхний хорт хавдрын шинэ тохиолдол жилд 3.5 саяыг давж, одоогийн түвшнээс 50 гаруй хувиар өсөх төлөвтэй байгааг анхаарууллаа.
"Global Burden of Disease" судалгааны багийн тооцоолсноор энэ өвчний улмаас нас барагсдын тоо мөн 44 хувиар нэмэгдэж, 2023 онд 764 мянга байсан бол 2050 онд 1.4 саяд хүрэх эрсдэлтэй байна.
Судлаачид өвчлөлийн энэхүү огцом өсөлтийг амьдралын хэв маягийн өөрчлөлт болон нөхөн үржихүйн хүчин зүйлстэй холбон тайлбарлаж байна. Тухайлбал, биеийн жингийн илүүдэл, цусан дахь сахарын хэмжээ ихсэх, хөдөлгөөний дутагдал, согтууруулах ундаа болон тамхины хэрэглээ, улаан махны хэт хэрэглээ зэрэг урьдчилан сэргийлэх боломжтой зургаан эрсдэлт хүчин зүйл нь "эрүүл амьдралын жилүүд"-ийг алдахад голлон нөлөөлж байгаа аж. Мөн эмэгтэйчүүд хожуу төрөх, хүүхдээ хөхөөр хооллох хугацаа богиносох зэрэг нийгмийн өөрчлөлтүүд ч эрсдэлийг нэмэгдүүлэх шалтгаан болж байна.
Тайланд дурдсанаар Ойрхи Дорнод болон Хойд Африкийн бүс нутагт өвчлөл хамгийн ихээр нэмэгдэх хандлагатай байна. Ялангуяа бага болон дунд орлоготой улс орнуудад нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа бөгөөд эдгээр улсууд дэлхийн нийт шинэ тохиолдлын дөнгөж 27 хувийг эзэлж байгаа ч нийт нас баралтын 45 гаруй хувийг бүрдүүлж байгаа нь "амьд үлдэх боломжийн ялгаа"-г тод харуулж байна. Жишээлбэл, Энэтхэгт 1990 оноос хойш хөхний хорт хавдрын нас баралт 74 хувиар өссөн бол Сахарын цөлөөс өмнөх Африкийн орнуудад нас баралтын түвшин дэлхийн дунджаас хоёр дахин өндөр буюу 100,000 хүн тутамд 35 орчим нас баралт ногдож байна.
Насны бүлгээр авч үзвэл ахимаг насны эмэгтэйчүүдийн дунд өвчлөлийн түвшин харьцангуй тогтвортой байгаа ч 20-54 насны эмэгтэйчүүдийн дунд шинэ тохиолдлын тоо 1990 оноос хойш 29 хувиар өссөн нь анхаарал татаж байна.
Өндөр хөгжилтэй орнуудад эрт илрүүлэг, эмчилгээний хүртээмж сайжирснаар сүүлийн гурван арванд нас баралтын түвшин 30 орчим хувиар буурсан байхад бага орлоготой орнуудад туяа эмчилгээ, хямд өртөгтэй эм тариа, оношилгоо дутагдалтай байгаагаас шалтгаалан нас баралт бараг хоёр дахин нэмэгдсэн байна.
Эрүүл мэндийн хэмжүүр, үнэлгээний хүрээлэнгийн (IHME) судлаач Кейли Бхангдиа болон ахлах зохиогч доктор Лиза Форс нар өвчлөлийн энэхүү өсөлтийг хязгаарлахын тулд урьдчилан сэргийлэх түрэмгий стратеги хэрэгжүүлэх шаардлагатайг онцолжээ. Тэдний үзэж буйгаар нөөц бололцоо хязгаарлагдмал орчинд хорт хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй, хямд болгох нь нэн чухал бөгөөд биеийн жингээ хэвийн барих, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх зэрэг энгийн дадлууд нь ирээдүйд учирч болох эрсдэлээс сэргийлэхэд ихээхэн хувь нэмэр оруулах боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.