Бүх төрлийн томуугийн вирусээс хамгаалах универсал вакцины туршилт эхэллээ
Дэлхийн шинжлэх ухааны салбарт томуугийн бүх төрлийн хувилбараас хамгаалах чадвартай "универсал" вакцин гаргаж авахад чухал ахиц дэвшил гараад байна.
Тухайлбал, "Centivax" биотехнологийн компани 2-р сарын 12-ны өдөр "Centi-Flu 01" нэртэй шинэ вакцины эмнэлзүйн туршилтын 1A шатыг албан ёсоор эхлүүлж, эхний оролцогчдод тунг тарьснаа зарлалаа.
Уламжлалт улирлын чанартай вакцинууд нь вирусийн хурдан хувьсдаг "толгой" хэсэгт чиглэдэг бол шинэ төрлийн "Centi-Flu 01" нь вирусийн хувьсдаггүй, тогтвортой бүсүүд буюу "сул тал"-д дархлааны хариу урвал үзүүлэхээр бүтээгдсэн байна. Энэхүү шинэлэг аргачлал нь вирус өөрийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр өөрчилж чаддаггүй хэсгүүдийг онилдог тул улирлын чанартай томуугаас гадна ирээдүйд дэгдэж болзошгүй цар тахлын хэмжээний вирусний хувилбаруудаас олон жилийн турш тогтвортой хамгаалах зорилготой юм.
Эмнэлзүйн туршилт нь санамсаргүй түүврийн аргаар, давхар сохор хэлбэрээр явагдаж байгаа бөгөөд үүнд 18-64 насны болон 65-аас дээш насны эрүүл насанд хүрэгчид хамрагдаж байна. Судалгааны багийнхан уг вакцин нь томуугийн 20 гаруй төрлийн омгийн эсрэг хэрхэн үйлчилж буйг харьцуулсан нарийвчилсан үр дүнг энэ онд багтаан танилцуулахаар төлөвлөжээ. Энэ нь одоогийн вакцинжуулалтын системд хувьсгал хийх боломжтой алхам гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Үүнтэй зэрэгцэн АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн (NIH) болон Эрүүл мэндийн яамнаас "Generation Gold Standard" платформын хүрээнд BPL-1357 нэртэй хамрын цацлага хэлбэрийн вакциныг хөгжүүлж байна. Одоогоор эмнэлзүйн туршилтын II шатанд шилжсэн энэхүү вакцин нь зөвхөн өргөн хүрээний хамгаалалт үүсгээд зогсохгүй халдвар дамжихаас сэргийлэх чадвартай гэдгээрээ онцлог юм. Тус платформын хүрээнд хөгжүүлж буй вакцинуудыг 2029 он гэхэд АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын газраас (FDA) бүрэн зөвшөөрөл авахаар зорьж байна.
Одоогийн байдлаар дэлхий даяар дараагийн үеийн 46 төрлийн томуугийн вакцин хөгжүүлэлтийн шатанд байгаа нь анагаах ухааны салбарт томоохон өрсөлдөөн, дэвшлийг авчирч байна. Түүнчлэн "Moderna" компанийн mRNA-1010 улирлын чанартай вакциныг FDA хянан хэлэлцэж байгаа бөгөөд 2026 оны 8-р сарын 5-нд эцсийн шийдвэр гарснаар энэ нь бүх нийтийн вакцин бүтээх суурь алхам болох хүлээлттэй байна.
Эх сурвалж:
• unmc.edu
• nih.gov
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.