АНУ, Израилын хамтарсан "Epic Fury" тусгай ажиллагаа 4-5 долоо хоног үргэлжилж магадгүй
АНУ болон Израил улс Ираны эсрэг цэргийн томоохон мөргөлдөөнд оролцож, 2026 оны 3-р сарын 3-ны байдлаар "Epic Fury" тусгай ажиллагааны хүрээнд Ираны Дээд удирдагч Аятолла Али Хаменеи болон бусад 40 орчим өндөр албан тушаалтныг устгасан байна.
Бямба гаргийн өглөө эхэлсэн энэхүү гэнэтийн цохилт нь Тегеран дахь төв байгууламжид цугларсан Ираны цэрэг, улс төрийн дээд удирдлагуудыг онилсон бөгөөд хоёр улсын зэвсэгт хүчин 1000 гаруй байршилд агаар, тэнгисийн цохилт өгчээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёрдугаар сарын 27-ны өдөр "Air Force One" хөлөг дээрээс эцсийн зөвшөөрлийг өгснөөр уг ажиллагаа эхэлсэн байна. Тагнуулын байгууллагууд Ираны удирдлагууд нэг дор цугларсныг илрүүлснээр "алтан боломж" гэж үзэн, 100 гаруй байлдааны онгоцыг нэгэн зэрэг хөөргөж, өдрийн цагаар гэнэтийн дайралт хийжээ. Цохилт нь бие биеэсээ 1000 милийн зайтай гурван өөр байршилд ердөө 60 секундийн зайтай зэрэг буусан нь Ираны удирдлагуудыг зугтах боломжгүй болгосон байна.
Энэхүү цохилтын үеэр 86 настай Дээд удирдагч Али Хаменеигаас гадна Батлан хамгаалахын сайд Амир Насирзаде, Хувьсгалт гвардын командлагч Мохаммед Пакпур зэрэг гол хүмүүс амь үрэгдсэнийг баталжээ. Мөн Бейрут хотод болсон зэрэгцээ цохилтоор Хезболла бүлэглэлийн тагнуулын дарга Хусейн Маклед алагдсан байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн мэдэгдсэнээр, уг ажиллагааны гол зорилго нь дэглэмийг солих бус, харин Ираны баллистик пуужин болон цөмийн чадавхыг бүрмөсөн устгахад чиглэж байгаа аж.
Мөргөлдөөний дөрөв дэх өдөр үргэлжилж буй энэ үед Ираны Улаан хавирган сар нийгэмлэгээс тус улсын 131 мужид дор хаяж 555 хүн амь үрэгдсэнийг мэдээлсэн бол АНУ-ын зургаан цэрэг хариу дайралтад өртөн амиа алджээ. Ираны Хувьсгалт гвардаас Ормузын хоолойг хааж, дамжин өнгөрөх хөлөг онгоцуудыг галдан шатаахаа сүрдүүлсэн нь дэлхийн эрчим хүчний зах зээлд савлагаа үүсгээд байна. Түүнчлэн эмх замбараагүй байдлын үеэр Кувейт улс андуурч АНУ-ын гурван F-15E сөнөөгч онгоцыг буудаж унагасан ч нисгэгчид эсэн мэнд аврагдсан тухай Пентагон мэдээлжээ.
Ерөнхийлөгч Трамп уг цэргийн ажиллагаа дөрвөөс таван долоо хоног үргэлжилж болзошгүйг анхааруулсан бөгөөд АНУ-ын Төрийн департаментаас Ойрхи Дорнодын 15 улсад байгаа иргэддээ яаралтай тухайн бүс нутгийг орхин гарах тушаал өгөөд байна. Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху энэхүү кампанит ажлыг дэлхийн аюулгүй байдлыг хамгаалах, оршин тогтнох аюулын эсрэг зайлшгүй хариу арга хэмжээ хэмээн тодорхойлсон нь бүс нутгийн нөхцөл байдал цаашид улам хурцдах төлөвтэй байгааг харуулж байна.
Эх сурвалж:
• pbs.org
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.