Сингапур улс вэйпийг хар тамхитай адилтган үзнэ гэж Сингапурын Ерөнхий сайд мэдэгджээ
Сингапурын Ерөнхий сайд “Өмнө нь бид вэйпийг уламжлалт тамхитай адилтган үзэж, торгууль ногдуулдаг байсан. Гэвч энэ нь хангалтгүй болж байна. Одоо бид үүнийг хар тамхины асуудал хэмээн үзэж илүү хатуу шийтгэл оногдуулах болно. Хорт бодис агуулсан вэйп зарж борлуулсан этгээдүүдэд илүү хүнд шийтгэл ногдуулна гэсэн үг” хэмээн жил бүрийн наймдугаар сард иргэддээ танилцуулдаг бодлогын илтгэлдээ онцолжээ.
Тэгвэл энэ бол холын асуудал биш болжээ. Монгол Улсад ч гэсэн электрон тамхины шингэн нэрийдлээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан тохиолдол оны өмнө анх удаа бүртгэгдсэн. Тодруулбал, 2025 оны арванхоёрдугаар сарын 1-ний өдөр метамфетамин хэмээх мансууруулах бодисыг шингэн төлөвт оруулж, хилээр нэвтрүүлэхийг завдсаныг хууль хяналтын байгууллагынхан илрүүлсэн талаар мэдээлээд буй. Тэрхүү бодис нь “шингэн мөс” гэж нэрлэгддэг мансууруулах бодис илрүүлсэн анхны тохиолдол болон бүртгэгдээд байгаа. Та бидний хүүхдүүд вейп татахдаа хар тамхины хэрэглээнд автаад байгаа юм биш биз гэсэн асуулт сэтгэл түгшээж байна.
Өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улс электрон тамхийг бүрэн хориглосон бол 20 улс амт, үнэрийг хориглож, 82 улс хуулийн хүрээнд ямар нэгэн хязгаарлалт, зохицуулалт мөрдүүлж байгаа бол Монгол Улс электрон тамхины бүтээгдэхүүнд ямар ч хуулийн зохицуулалтад оруулаагүй үлдсэн улсуудын нэг юм. Өөрөөр хэлбэл, хүүхэд, залуус хорт бодисуудад хордож байгаа энэ үйл явцыг бид эс үйлдэхүйгээрээ хүлээн зөвшөөрсөөр байгаа нь харамсалтай.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.