Шөнө бөх унтаж, өдөр нь эрч хүчтэй байхад туслах энгийн 5 дадал

Шөнө бөх унтаж, өдөр нь эрч хүчтэй байхад туслах энгийн 5 дадал

Шөнө сайн унтаж амарна гэдэг нь зөвхөн оройн цагаар юу хийхээс шалтгаалдаг зүйл биш юм. Бид ихэвчлэн унтахын өмнө утсаа ухахгүй байх, тогтмол цагт орондоо орох зэрэг зөвлөгөөг дагадаг ч өдрийн цагаар сэрүүн байхдаа хийдэг үйлдлүүд маань шөнийн нойронд чухал нөлөө үзүүлдэг аж.

BBC агентлаг ядаргааг багасгаж, нойрны чанарыг сайжруулахад туслах, өдрийн цагаар хэрэгжүүлж болох шинжлэх ухаанч 5 зөвлөгөөг онцолсныг хүргэж байна.

  • 1. Төмрийн хэмжээгээ хянах
    Дэлхий даяар гурван хүн тутмын нэг нь төмрийн дутагдалтай байдаг. Төмрийн дутагдал нь ядаргаа, сульдаа үүсгэхээс гадна шөнө сэрвэлзэх шалтгаан болдог байна. Хэрэв та нойрны дэглэмээ зохицуулсан ч ядарсан хэвээр байвал эмчид хандаж ферритин болон гемоглобины хэмжээгээ шалгуулах нь зүйтэй. Мах, загас, өндөг зэрэг нь төмрөөр баялаг байдаг бол шош, ногоон ногоо зэрэг ургамлын гаралтай хүнсийг С аминдэмтэй хослуулан хэрэглэвэл шимэгдэлт нь сайжирдаг.
  • 2. Ногоо түлхүү хэрэглэх
    Судалгаагаар жимс, хүнсний ногоо их хэрэглэдэг насанд хүрэгчид илүү сайн унтдаг болох нь тогтоогджээ. Ялангуяа Газар дундын тэнгисийн хоолны дэглэм буюу ногоо, самар, үр тариа түлхүү хэрэглэдэг хүмүүс чанартай нойрсдог байна. Харин өөх тос, сахарын агууламж өндөртэй түргэн хоол нь гүн нойрсох үйл явцыг алдагдуулдаг аж.
  • 3. Бага ч болов дасгал хийх
    Дасгал хөдөлгөөн нь хурдан унтах болон нойрны чанарт сайнаар нөлөөлдөг. Заавал өдөр бүр хүнд бэлтгэл хийх шаардлагагүй бөгөөд долоо хоногт гурван удаа, эсвэл өдөрт 10 минут дасгал хийхэд л үр дүн гарна. Мөн оройн цагаар дасгал хийх нь нойронд муугаар нөлөөлдөггүй болохыг сүүлийн үеийн судалгаанууд харуулж байна.
  • 4. Архи, тамхинаас татгалзах
    Тамхи татах нь унтахад хэцүү болгож, нойрны чанарыг муутгадаг. Харин согтууруулах ундаа нь эхэндээ нойр хүргэж байгаа мэт санагдавч, шөнийн хоёрдугаар хагаст нойр сэрвэлзүүлж, биеийг бүрэн амраадаггүй байна. Мөн тогтмол хэрэглээ нь нойргүйдэлд хүргэх эрсдэлтэй.
  • 5. Өглөөний цайгаа уух
    Өглөөний цай уух нь ой санамж, анхаарал төвлөрлийг сайжруулж, өдрийн турш ядрах мэдрэмжийг бууруулдаг. Тогтмол цагт хооллох нь биеийн биологийн цагийг (circadian rhythm) тэнцвэржүүлж, шөнө бөх унтахад тусалдаг байна. Хэрэв та ядаргаатай тэмцэж байгаа бол өглөө гэрээсээ гарахаасаа өмнө өндөг эсвэл овьёос идэж хэвшээрэй.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.