Хангалттай унтсан ч байнга ядарч, сульдаад байдгийн учир юу вэ?
Зарим хүмүүс хэчнээн их унтсан ч ядарсан, эрч хүчгүй хэвээр сэрдэг. Унтахын өмнө утсаа холдуулж, өрөөгөө харанхуй болгон, 8 цаг бүтэн нойр авсан ч өглөө нь сэргэг байж чаддаггүй тохиолдол олон бий. Тэгвэл үүний шалтгаан юу вэ?
2023 онд хийгдсэн мета-анализ судалгаагаар дэлхий даяар насанд хүрсэн таван хүн тутмын нэг нь ямар нэгэн суурь өвчингүй мөртлөө 6 сар хүртэлх хугацаанд ерөнхий ядаргааг мэдэрдэг болох нь тогтоогджээ. Их Британид насанд хүрэгчдийн найман хүн тутмын нэг нь "байнга" ядардаг гэж хариулсан бол эмэгтэйчүүд эрчүүдээс илүү ядаргаанд өртөмтгий байдаг аж.
Ядаргаа гэж чухам юу вэ?
Энэхүү түгээмэл асуудлыг Их Британийн Үндэсний эрүүл мэндийн албанаас TATT (Tired All The Time) буюу "Байнга ядрах хам шинж" гэж нэрлэдэг товчилсон нэр томьёо хүртэл гаргажээ. Гэвч эрдэмтэд ядаргааны нарийн шалтгаан, түүнийг эмчлэх арга замын талаар хараахан бүрэн судалж дуусаагүй байна.
Ядаргаа нь зүгээр нэг "нойр хүрэх"-ээс ялгаатай. Нойрмоглох нь унтах хүсэл төрөх явдал бол ядаргаа нь бие махбод, танин мэдэхүй болон сэтгэл хөдлөлийн олон талт асуудал юм. Жишээлбэл:
- Бие махбодын ядаргаа: Хүнд дасгал эсвэл урт алхалтын дараа мэдрэгддэг булчингийн ядаргаа.
- Танин мэдэхүйн болон сэтгэл хөдлөлийн ядаргаа: Анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх (brain fog), ажил хийхэд хүндрэлтэй санагдах, бусдад уурлаж бухимдах зэргээр илэрнэ.
Тоо хэмжээнээс илүү чанар чухал
Насанд хүрсэн хүн өдөрт 7-9 цаг унтах шаардлагатай гэж зөвлөдөг. Хангалттай унтах нь булчинг нөхөн сэргээх, дархлааг дэмжих, сэтгэл хөдлөлийг зохицуулах, ой санамжийг бэхжүүлэхэд чухал үүрэгтэй. Гэвч зөвхөн унтах цаг хангалттай байх нь бүрэн шийдэл биш бөгөөд нойрны чанар хамгийн чухал юм.
Тасалдсан 8 цагийн нойрноос тасралтгүй, чанартай цөөн цагийн нойр нь илүү үр дүнтэй байдаг. Учир нь биднийг гүн нойрсох үед тархины "глимфатик систем" идэвхжиж, Альцгеймерийн өвчин үүсгэдэг бета-амилоид зэрэг хорт бодисуудыг тархинаас цэвэрлэдэг байна. Хэрэв нойр тасалдвал энэхүү цэвэрлэгээний процесс алдагдаж, хорт бодисууд хуримтлагдсаар байдаг аж.
Амьдралын хэв маяг ба бусад хүчин зүйлс
Хэрэв танд бамбай булчирхайн эмгэг, цус багадалт, чихрийн шижин зэрэг эрүүл мэндийн суурь асуудал байхгүй бол ядаргааны шалтгаан нь амьдралын хэв маягтай холбоотой байх магадлалтай. Үүнд:
- Шим тэжээлийн дутагдал: Витамин B12, D, төмөр, магни дутагдах нь эрч хүч буурах гол шалтгаан болдог.
- Стресс: Стрессийн үед ялгардаг кортизол даавар нь биеийг "тулаан эсвэл зугтах" горимд шилжүүлдэг тул тайван унтахад саад болдог.
- Шингэний дутагдал: Ус бага уух нь ядаргааны томоохон шалтгаан юм.
- Кофеин ба Алкохол: Кофеины үйлчилгээ биеэс гадагшлахад 5-аас дээш цаг зарцуулагддаг тул үдээс хойш уусан кофе шөнө дунд ч нөлөөлсөөр байдаг. Харин согтууруулах ундаа нь гүн нойрсох үе шатыг (REM sleep) дарангуйлдаг тул чанаргүй нойр авахад хүргэдэг.
Эцэст нь, эрч хүчээ нөхөхийн тулд тэнцвэртэй хооллолт, дасгал хөдөлгөөн, стресс менежмент болон нойрны зөв дэглэм баримтлах нь хамгийн шалгарсан арга хэвээр байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.