ГХЯ: Израильд Монгол Улсын 40 орчим иргэн байна

ГХЯ: Израильд Монгол Улсын 40 орчим иргэн байна
Израиль улсад одоогийн байдлаар тус улсын иргэнтэй гэр бүл болсон, иргэншил авсан зэрэг 40 орчим монгол иргэн байгаа бол Иран улсад оршин суугаа монгол иргэн байхгүй гэдгийг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
 
Тус бүс нутагт үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Анкара дахь ЭСЯ-наас Израиль дахь иргэдтэйгээ групп чат үүсгэн зөвлөгөө мэдээлэл өгч байна. Газын зурваст 2023 оны аравдугаар сараас эхлэн үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан эх орондоо буцах хүсэлт гаргасан 17 иргэнийг /87,5 сая төгрөг/, 2025 оны зургадугаар сард иргэнийг / 88,113,600 сая төгрөг/ Иргэд туслах сангийн зардлаар Израиль улсаас татан авах ажлыг зохион байгуулсан бөгөөд одоогоор тус улсад оршин суугаа иргэдээс эх орондоо буцах хүсэлт гаргасан иргэд байхгүй гэжээ.
 
Хэрэв иргэдээс хүсэлт гаргасан тохиолдолд өмнөх жишгийн дагуу Тель-Авиваас Таба боомтоор Египетийн хил нэвтрүүлэн, татан авах ажиллагааг зохион байгуулна. Дипломат төлөөлөгчийн газраас ирүүлсэн мэдээллээр Ойрх Дорнодын бүс нутагт манай улсын 281 орчим иргэн оршин сууж байна. Үүнд,
• Израиль-40,
• АНЭУ-80,
• Египет-45,
• Кувейт-38,
• Саудын Араб-23,
• Йордан-1,
• Оман-2,
• Бахрейн-33,
• Катар-19.
Тухайн бүс нутагт оршин сууж байгаа иргэддээ Анкара, Абу-Даби, Каир, Кувейт дэх ЭСЯ-аар дамжуулан шаардлагатай зөвлөгөө мэдээлэл, дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.