🔴Өнөөдөр сонгуулийн зардал хэт өндөр байгаа нь мөнгөтэй хүмүүс улс төрд давамгайлах нөхцөлийг бүрдүүлж байна
Төрийн ордонд "Улс төрийн намын хөгжил: Асуудал, шийдэл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсад орчин үеийн улс төрийн хүчин, улс төрийн байгууллагууд үүсэж хөгжсөний 105 жилийн ойн хүрээнд болж буй бөгөөд төр, намын зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачид болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцож, намын төлөвшил, шинэчлэлийн талаар хэлэлцлээ.
1921 оны 3 дугаар сарын 1-нд Монголын ууган нам болох МАН байгуулагдсанаар улс төрийн намын үндэс тавигдсан түүхтэй. Өнөөдөр Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам үйл ажиллагаа явуулж байна.
Төлөөллийн ардчиллын зарчмаар ард иргэд төрөө сонгуулиар байгуулдаг бөгөөд энэ үйл явцад улс төрийн намууд гол үүрэг гүйцэтгэдэг. Намгүйгээр ардчилал болон сонгуулийг төсөөлөх аргагүй юм. Тиймээс улс төрийн намын хөгжил, төлөвшлийн асуудал нь зөвхөн улс төрчдийн асуудал биш, харин тухайн улсын ардчилал хэрхэн бэхжих, төрийн бодлого хэр тогтвортой байхтай шууд холбогддог. Засгийн эрх авсан нам мөрийн хөтөлбөрөө төрийн бодлогоор дамжуулан хэрэгжүүлдэг тул намын хөгжлийг нийгмийн бусад институцээс ангид авч үзэх боломжгүй юм.
1990 оноос хойш олон намын систем тогтсон ч улс төрийн намуудад итгэх иргэдийн итгэл буурсаар байна. Энэ нь намуудын бодлогын хэрэгжилт хангалтгүй байгаагаас гадна улс төрчдийн ёс зүй, популизм, хувийн тоглолттой шууд холбоотой. Улс төрчдийн гаргаж буй алдаа, ёс зүйн дутагдал нь цаана нь байгаа намынхаа нэр хүндийг унагаж байна. Хэрэв улс төрийн намууд дотооддоо хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чанд баримтлахгүй бол энэ нь цаашлаад улс төрийн болон төрийн хямралд хүргэх эрсдэлтэйг мэргэжилтнүүд анхааруулж байна.
2024 онд Улс төрийн намын тухай хууль шинэчлэгдсэнээр эрх зүйн томоохон өөрчлөлтүүд гарсан. Шинэ хуулиар намуудад олгох төрийн санхүүжилтийг сонгуульд авсан санал болон парламентад авсан суудлын тоонд үндэслэн олгож байна. Хамгийн гол өөрчлөлт нь санхүүжилтийн хяналтын механизмыг Сонгуулийн ерөнхий хороонд төвлөрүүлсэн явдал юм. Ингэснээр намуудын санхүүгийн тайланг ил тод, "шилэн" болгох тогтолцоо бүрдэж байна. Цаашид иргэний нийгмийн хөндлөнгийн хяналтыг оруулж, санхүүжилтийн ил тод байдлын индексийг гаргадаг болох нь үр дүнтэй гэж үзэж байна.
Улс төрийн намуудын дотоод ардчиллыг сайжруулах, ялангуяа нэр дэвшүүлэх үйл явцыг нээлттэй болгох нь нэн чухал юм. Өнөөдөр сонгуулийн зардал хэт өндөр байгаа нь мөнгөтэй хүмүүс улс төрд давамгайлах нөхцөлийг бүрдүүлж байна. Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад, улс төрийг бага зардлаар хийдэг тогтолцоо руу шилжих нь мэдлэг боловсролтой, ёс зүйтэй шинэ залуу боловсон хүчин гарч ирэх боломжийг нээдэг. Жишээлбэл, БНСУ-д нэр дэвшүүлэх урьдчилсан санал хураалт явуулдаг бөгөөд хандив тусламжийг хуулиар маш нарийн зохицуулж, бизнес болон улс төрийн хамаарлыг хязгаарлаж чадсан байдаг.
Монгол Улсын хувьд ч улс төр, мөнгө хоёрын зааг ялгааг тодорхой болгож, намын дотоод ардчиллыг бэхжүүлэх замаар энэхүү тогтолцооны гажуудлыг засах шаардлагатай байна. Намын санхүүжилт ил тод болж, нэр дэвших процесс нээлттэй болсноор улс төрийн намууд жинхэнэ утгаараа бодлогын институт болон төлөвших боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.