🔴Авлигын эсрэг тэмцлийг Ардын нам өөрөөсөө эхлүүлэхээ албан ёсоор зарлав

AI хөрвүүлсэн

МАН-ын Бага хурлын II хуралдаан болж, "Эрх чөлөөний 4 зам, 4 чөлөөлөлт" хөтөлбөрийг баталлаа.

МАН-ын 31 дүгээр Их хурлаас сонгогдсон Бага хурлын 595 төлөөлөгчийн 85 хувийн ирцтэйгээр тус намын Бага хурлын хоёрдугаар хуралдаан өнөөдөр болж өндөрлөлөө. Хуралдаанаар намын бодлого, шинэчлэл болон хариуцлагын тогтолцоотой холбоотой нийт зургаан үндсэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний 4 зам, 4 чөлөөлөлт" сэдэвт улс төрийн илтгэлээ танилцууллаа. Намын дарга Н.Учрал авлигын эсрэг тэмцлийг Ардын нам өөрөөсөө эхлүүлэхээ албан ёсоор зарлаж, энэ нь нийгэмд үүсээд буй шударга ёсны нэхэмжлэл, иргэдийн хүлээлтэд өгч буй бодитой хариу үйлдэл гэдгийг онцоллоо.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын илтгэлийг хэлэлцэж, 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 2028 он хүртэлх хугацаанд хэрхэн эрчимжүүлэх, эдийн засгийн нөхцөл байдалтай хэрхэн уялдуулах талаар тогтоолын төслийг баталсан байна.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын шинэчлэлийн хүрээнд "Гишүүн төвтэй, цахим нам" стратегийг танилцууллаа. Энэхүү стратегийн дагуу намын гишүүдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, ажлын үр дүнг нь албан тушаал харгалзахгүйгээр оноогоор дүгнэх систем болон хариуцлага тооцох шинэ журмуудыг баталсан байна. Ингэснээр намын гишүүд Хяналтын хороондоо гомдол гаргах, маргааныг шийдвэрлэх үйл явц илүү нээлттэй болж, бүх шатанд хариуцлагын тогтолцоо чангарч байгааг дурдлаа.

Энэ удаагийн Бага хурал нь МАН-ын анхны үнэт зүйл болох "Эрх чөлөө"-г дахин сэргээж, дотоод засаглал болон хариуцлагын тогтолцоогоо шинэ шатанд гаргаснаараа онцлог боллоо гэж намын удирдлагууд дүгнэж байна. Иргэдийн зүгээс тавьж буй шударга ёсны шаардлагыг хэрэгжүүлэхэд энэхүү "4 чөлөөлөлт"-ийн бодлого гол хөшүүрэг болно гэдгийг мэдээллийн төгсгөлд тодотголоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.