УИХ-ын гишүүн П.Сайнзориг болон Х.Тайван нарыг яллагдагчаар тооцож, хилээр гарахыг хязгаарлав
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцын хүү Х.Тайван нар энэ сарын 5-6-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, “Шангрила” зочид буудлын B1 давхарт байрлах цэнгээний газарт нэгнийхээ эрүүл мэндэд хохирол учруулж халдсан хэрэг өдүүлсэн билээ.
Уг хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж, прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 11.6-1 дэх хэсгийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үндэслэлээр энэ сарын 24-нд яллагдагчаар татах тогтоол баталсан байна. Тэгвэл Х.Тайванд яллагдагчаар татах тогтоолыг өчигдөр танилцуулсан аж. Улмаар яллагдагч Х.Тайванд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн бусад оролцогч болох гэрч Т.М, Б.Н нартай уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд тухайн өдөр хүргүүлжээ.
Шүүхээс Х.Тайванг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор өнөөдрөөс эхлэн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, дээрх гэрчүүдтэй уулзахыг хориглох хязгаарлалт таслан сэргийлэх арга хэмжээг эл шүүхийн шүүгч Д.Даваадорж авсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.