🔴О.Номинчимэг: УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах асуудлыг нэн яаралтайгаар хэлэлцэх шаардлагагүй

AI хөрвүүлсэн

МАН-ын Бага хурлын хоёрдугаар хуралдаанд намын Генсек Я.Содбаатар дотоод асуудлаар илтгэл тавьж, салбар хуралдаан өрнөж байна. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг: 

-2024 оны парламентын алдаа, оноог илүү ул суурьтай судалж, энэ нь хувь хүний ёс зүй юу эсвэл намын бодлого, нэр дэвшүүлэлттэй холбоотой юу гэдгийг ялгаж салгах ёстой.

МАН-ын хувьд авлига, албан тушаалын хэргээс үүдэж унасан нэр хүндээ сэргээхийн тулд салбар бүрийн мэргэжлийн, нэр цэвэр төлөөллүүдийг жагсаалтад оруулсан нь иргэдийн итгэлийг авах гол шийдэл байсан гэж үзэж байна. Нам бүр өөрийн бодлогын хүрээнд жагсаалтаа гаргаж, хариуцлагаа хүлээх зарчмаар ажиллах ёстой.

Ерөнхийлөгчийн зүгээс санаачилж буй УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах тухай хуулийн төслийн тухайд, үүнийг "нэн яаралтай" горимоор хэлэлцэх асуудал биш гэж үзэж байна. Парламентын дархлаа бол ардчилсан засаглал болон геополитикийн тогтвортой байдлын баталгаа. Гэхдээ дархлаа гэдэг нэрээр гэмт хэргийг нуун дарагдуулж болохгүй бөгөөд хуулийн нарийн зохицуулалт, шалгуурыг маш нухацтай боловсруулах шаардлагатай. "Чөтгөр детальд нуугддаг" гэгчээр нарийн механизмыг нь тодорхойлохгүй бол эргээд сөрөг үр дагавар гарах эрсдэлтэй. 

Нэг, хоёр гишүүний ёс зүйн асуудлаас үүдэж хуулийн төслийг яаран боловсруулсан гэж харах нь учир дутагдалтай. УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах, намууд нэр дэвшигчээ татдаг байх тухай асуудал өмнө нь ч улс төрийн хүрээнд яригдаж байсан сэдэв. 

Намын дотоод сахилга бат, зарим гишүүдийг хөөх асуудлын тухайд, Хяналтын хороо нотлох баримтад үндэслэн шийдвэрээ гаргах ёстой. МАН-ын даргын дэвшүүлсэн авлигатай тэмцэх бодлого бүх шатанд тууштай, чигч бөгөөд үр дүнтэй байх ёстойг намын гишүүний хувьд дэмжиж байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Бат 3 минут
“Парламентын дархлаа бол ардчилсан засаглал болон геополитикийн тогтвортой байдлын баталгаа.” Юу гэнэв? Парламентад овоо том малгай өмсгөж их мэдэмхийрч байхчив. Парламент юуны ч батлагаа биш. Анх Европт байгуулсан зорилго нь хэсэг бүлэг хүний ашиг сонирхол байсан. Сонгогчид нь гэж хар масс. Ийм юмыг худлаа магтан дуулахаа боль. Их хурлын гишүүнийг эргүүлэн татах асуудлыг харин ч бүр хамгийн яаралтай хэлэлцэх цаг нь болсон. Юм мэдэхгүй ард иргэдийн тархийг угаахаа болиорой!!!