Багшийнхаа алдааг давтсан Тэрүнофүжи сумог орхих уу?

Багшийнхаа алдааг давтсан Тэрүнофүжи сумог орхих уу?

Сүмо бөхийн 73 дахь Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өөрийн дэвжээнд харьяалагддаг залуу бөхийг зодсон гэх асуудал Японы хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр нэлээд шуугиан тарьж байна.

Японы томоохон хэвлэлүүдэд гарч буй мэдээллээр, Тэрүнофүжи өөрийн харьяалагддаг Исэгахама дэвжээний залуу бөхөд гар хүрсэн, улмаар тухайн бөх нь зодуур болон сэтгэл зүйн дарамтаас болж зодог тайлах хүсэлт гаргасан гэх мэдээлэл цацагдсан юм. Залуу бөх гэдэг нь өмнө нь Миягино дэвжээний Хакүохо бөгөөд Исэгахама дэвжээнд шилжин ирээд Хакүнофүжи нэрээр барилдаж буй залуу бөх юм.

Мэдээлэлд дурдсанаар, Ёкозүна залуу бөхийг "бэлтгэл сургуулилалтын үеэр болон ахуйн хүрээнд дэг журам зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан" гэх үндэслэлээр шийтгэсэн нь хэрээс хэтэрсэн гэж үзэж байгаа аж. Зодуулсан Хакүнофүжи гэмтэл авсан төдийгүй, сэтгэл зүйн хувьд дарамтад орж дэвжээгээ орхин явсан гэх мэдээлэл байна.

Сүмогийн холбоо энэ асуудлыг анхааралдаа авч, дотоод хяналт шалгалтын хэлтсээрээ дамжуулан мөрдөн шалгаж эхэлсэн байна. Исэгахама дэвжээ өмнө нь ч хүчирхийллийн асуудалд орооцолдож байсан тул олон нийт болон хэвлэлүүд маш шүүмжлэлтэй хандаж байна.

Тодруулбал: 2017 оны 10 дугаар сарын сүүлчээр 70 дахь Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж залуу бөх Таканоиваг "ахмад бөхчүүдийн үгийг анхааралтай сонссонгүй, утас руугаа харлаа" гэх шалтгаанаар зэмлэж толгой руу гараараа болон караокены удирдлагаар цохисон нь нэлээдгүй шуугиан тарьж байлаа. Улмаар энэ хэргээс үүдэлтэйгээр Харүмафүжи өөрийн гаргасан үйлдлийнхээ хариуцлагыг хүлээж, сүмогийн ертөнцийг орхиж буйгаа албан ёсоор зарласан.

Тэрүнофүжи бол Харүмафүжигийн унаган шавь бөгөөд тухайн үед Исэгахама дэвжээнд хамт байсан. Одоо Тэрүнофүжи өөрөө Ёкозүна болоод ийм асуудалд нэр холбогдож байгаа нь "багшийнхаа алдааг давтлаа" гэх шүүмжлэл Японы хэвлэлүүдээр гараад байгаа юм.

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Үмбүү 1 цаг, 5 минут
тэгнээ тэр булчингаа хөгжүүлсэн чиг тархиа хөгжүүлж чададгүй үхэрнүүд байгам