УОК: Халх гол суманд үүссэн нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна
Дорнод аймгийн Халх гол суманд үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Улсын Онцгой комиссоос дараах мэдээллийг өглөө.
УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:
-Хоёрдугаар сарын 21-22-ны өдөр Дорнод аймгийн Халх гол суманд цас орж цасан шуурга шуурсны улмаас цаг агаарын гамшигт үзэгдэл тохиолдож, харамсалтайгаар 2 иргэн амь насаа алдсан. Мөн тус суманд үүссэн нөхцөл байдлын улмаас нууран дээр зорчиж явсан авто машин осолдож харамсалтайгаар 4 иргэн амь насаа алдсан харамсалтай явдал тохиолдсон. Тухайн үед газар дээр нь Дорнод аймгийн онцгой байдлын газраас аврагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж ажилласан.
Мөн тухайн сумын 50 гаруй айл өрхийн гэр, хашаа, саравч цасанд дарагдаж нийтдээ 40 мянган мал сүрэг салхинд уруудсан үүнээс 15 мянган малыг олсон гэсэн мэдээлэлтэй байна. Энэ мэдээллийн дагуу АОК гурван удаагийн шуурхай хуралдааныг зохион байгуулж газар дээр нь Засаг даргын орлогч, Зүүн бүсийн төв Дорнод аймгийн онцгой байдлын газрын даргаар ахлуулсан ажлын хэсгүүд тус аймгуудад ажиллаж байна.

Шадар сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тухайн бүс нутагт үүссэн нөхцөл байдал, гамшгийн хор уршгийг арилгах арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний анги, салбаруудаас шаардлагатай хүн хүч, техник хэрэгслүүдийг мөн дайчлан ажиллуулж байна. Мөн АОК шаардлагатай тухайн мэргэжлийн байгууллагууд иргэд, аж ахуй нэгжүүдтэй хамтран тухайн бүс нутаг дээр шуурхай хариу арга хэмжээ авч ажиллаж байна.
Цаг уурын байгууллагаас өгч байгаа мэдээллээр ойрын өдрүүдэд улирал солигдож байгаатай холбоотойгоор цаг агаар нэлээн тогтворгүй, үе үе хүчтэй салхи, аюулт гамшигт үзэгдлүүд тохиолдож болзошгүй төлөвтэй байгаа учраас мэргэжлийн байгууллагаас гаргаж байгаа сэрэмжлүүлэг мэдээллийг дагаж өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалах нь зүйтэй гэдгийг зөвлөж байна. Мөн энэ жил харьцангуй дулаан байгаатай холбоотойгоор ихэнх гол мөрнүүдийг мөсний зузаан олон жилийн дунджаас нимгэн байгаа. Үүнийг дагасан эрсдэлүүд нэмэгдэж байгаа учраас мөсөн дээгүүр зорчихгүй байх, тээвэр хийхгүй байх, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа зөвлөмж анхааруулга, сэрэмжлүүлгийг дагаж ажиллахыг иргэдэд анхааруулж байна гэв.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.