“Японы хөрөнгө оруулалтын өдөр” арга хэмжээ болов
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд “Японы хөрөнгө оруулалтын өдөр” арга хэмжээ амжилттай зохион байгуулагджээ.
Нээлтэд Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү, Монгол дахь Японы худалдаа, аж үйлдвэр эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Фүтоши Сүзүки тэргүүтэй Япон Улсын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчдын төлөөлөл оролцов.
Монгол, Япон хоёр улс “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн бөгөөд эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа нь энэхүү түншлэлийн чухал тулгуур хэвээр байна. Япон Улс нь Монгол Улсын нийт гадаад худалдааны бараа эргэлтийн 4.1 хувь, экспортын 0.1 хувь, импортын 9.6 хувийг тус тус эзэлж байгаа юм.

Арга хэмжээг нээж дэд сайд С.Даваасүрэн хэлсэн үгэндээ “Өнөөдрийн “Японы хөрөнгө оруулалтын өдөр” арга хэмжээ нь дараа дараагийн олон бодит үр дүнтэй хамтын ажиллагааны эхлэл болж, Монгол, Японы Тусгай стратегийн түншлэлийг эдийн засгийн агуулгаар баяжуулах боломжийг нээх болно гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцоллоо.
Мөн өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар Япон Улсаас Монгол Улсад оруулсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.7 тэрбум ам.долларт хүрч, нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 3.5 хувийг бүрдүүлсэн нь Япон Улс манай улсын томоохон хөрөнгө оруулагч орны нэг хэвээр байгааг харуулж байна.

Монгол Улсын Засгийн газраас хөрөнгө оруулагчдад тогтвортой, ил тод, урьдчилан таамаглах боломжтой орчныг бүрдүүлэхэд онцгой анхаарч байна. Энэ хүрээнд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, мөн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байна. Эдгээр эрх зүйн шинэчлэл нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх эрхийг баталгаажуулах, төрийн хэт оролцоог бууруулах, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, маргаан гомдлыг шуурхай шийдвэрлэх тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна.
Цаашид сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний шилжилтийг эрчимжүүлэх, чухал ашигт малтмал болон хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэд бүтцийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр Япон Улсын дэвшилтэт технологи, чанарын стандарт, менежментийн туршлагыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтойг талууд санал нэгтэй илэрхийллээ.
Мөн гадаад худалдааны боломжийг нэмэгдүүлэх, экспортын зах зээлийг тэлэх хүрээнд худалдааны хэлэлцээрүүдийг байгуулахад Монгол Улсын Засгийн газар онцгой ач холбогдол өгч байгааг тэмдэглэв.

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү хэлсэн үгэндээ Элчин сайдын яам Монгол, Японы бизнес эрхлэгчдийн гүүр болон ажиллаж, үр ашигтай хамтын ажиллагаа, тогтвортой эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Монгол Улстай нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.
Арга хэмжээний үеэр Японы тал институцийн болон бодлогын шинэчлэлийн хүрээнд татварын орчны тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой байдлыг хангах, гадаадын хөрөнгө оруулагчдад үзүүлэх татварын болон бодлогын дэмжлэгийг сайжруулах, хөрөнгө оруулалтын урамшууллын механизмыг илүү тодорхой болгох шаардлагатайг онцоллоо.

Түүнчлэн уул уурхайн салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ноос, ноолуурын салбарт B2B уулзалтыг тогтмолжуулах, тоног төхөөрөмжийн санхүүжилт, экспортын даатгалын механизмыг илүү уялдаа холбоотой хөгжүүлэх санал дэвшүүлэв.
Дэд бүтцийн урт хугацааны томоохон төслүүдэд оролцоход тулгарч буй бэлтгэл үе шатны урт хугацаа, өндөр шаардлага, шалгуурын асуудлыг хөндөн, хамтын ажиллагааны үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр илүү нягт уялдаа, зохицуулалт шаардлагатай байгааг дурдлаа.

“Японы хөрөнгө оруулалтын өдөр” арга хэмжээ нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх, бодит төслүүдийг урагшлуулахад чухал түлхэц боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.