Э.Бат-Амгалан сайд Эрдэнэт хотын 24,500 иргэний боломжоос хумсалсан уу?

AI хөрвүүлсэн
Э.Бат-Амгалан сайд Эрдэнэт хотын 24,500 иргэний боломжоос хумсалсан уу?

Эрдэнэтийн зэсийн овоолго бол хэмжээ хязгаар нь тогтоогдоогүй асар их баялаг. Гэвч энэхүү баялгийн үр шимийг хүртэх ёстой Эрдэнэт хотын 24,500 иргэний боломжийг хувьдаа завшиж, замаас нь тонон дээрэмдсэн гэх ноцтой баримтууд цахим орчинд дэлгэгдэж эхэллээ.

Угтаа бол иргэд зэс олборлолтын ашгаас жил бүр 300 орчим тэрбум төгрөгийн хувь хүртэх эрхтэй байдаг. Гэвч "Зэс эрдэнийн хувь" ХК-ийн иргэдэд очих ёстой байсан 30 тэрбум төгрөгийг тус компанийн Санхүү эрхэлсэн захирал асан Э.Батбаяр болон түүний ах, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нар завшсан байж болзошгүй талаар тус компанийн гүйцэтгэх захирал Д.Мөнхбаатар олон нийтэд мэдээлсэн аж. 

Хэрэг явдлыг тодруулбал, Э.Батбаяр нь итгэл олж авах замаар ТУЗ-ийг хууран мэхэлж, 2023 оноос хойш олборлосон 10 гаруй мянган тонн зэсийн борлуулалтаас 30 гаруй тэрбум төгрөгийг шамшигдуулсан гэх гомдлыг хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл АТГ-т хүргүүлээд байна. Энэхүү их хэмжээний мөнгө нь Э.Бат-Амгалангийн УИХ-ын сонгуулийн сурталчилгаанд зарцуулагдсан байх магадлалтай байгаа талаар цахим орчинд гарсан мэдээлэлд дурджээ. 

Түүнчлэн Э.Батбаярын эхнэр Э.Энхмаагийн эзэмшлийн "Би Эй Ти Девелопмент Партнерс" компани нь Эрдэнэтийн овоолгын 30 хувийг эзэмшдэг бөгөөд тус компанийн дансаар Хятадын "Шинжиан Шинфа" компанитай холбоотой "Хос мөнгөн зам" компаниас 6.8 тэрбум төгрөг шилжиж орсон нь баримтаар нотлогджээ. Энэ нь тэдний илэрсэн ганцхан удаагийн гүйлгээ бөгөөд иргэдийн хүртэх ёстой ашгийг тансаг зэрэглэлийн хаус, хороолол барих замаар угааж байгаа хэрэг хэмээн хардаж байна.

Э.Бат-Амгалан сайд өдгөө Баянзүрх дүүрэг болон Гачууртын хамгийн өнгөтэй өөдтэй гэсэн газруудыг худалдан авч, тансаг зэрэглэлийн хаус хотхон, хорооллыг сүндэрлүүлээд байгаа аж. Үүнд: Гачууртын "Монгол шилтгээн"-ий ойролцоох "Нова нест" таун, Туул голын эрэг дагуух 46 айлын "Рио Виста" хаус хотхон, Скай ресортын зүүн талд байрлах "Кайду Вилла", мөн Улаанхуаранд байрлах 1128 айлын "Кайду сити" хотхон болон "Кайду молл" худалдааны төв зэрэг багтаж байна.

Эдгээр томоохон төслүүдийг хэрэгжүүлэхдээ Э.Бат-Амгалан өөрийн нэрийг нууцалж, туслах Ц.Ялалтынхаа эзэмшлийн "ОПТУ" болон "Опту пропертис" компаниудаар дамжуулан барилгын бүх бизнесээ явуулдаг гэж дээрх мэдээлэлд дурдсан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.