🔴LIVE: О.Цогтгэрэл: Эрх баригчид өөрсдийгөө үнэлж байгаа нь инээдтэй зүйл. Тэднийг ард түмэн үнэлнэ

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл намын дотоод сонгуулийн зохион байгуулалт болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл өгөв.

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл:

-Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдрал доройтож, бодит орлого нь буурсаар байна. Нөгөө талдаа улс орны авлигажилт хэрээс хэтэрсэн. Үүнийг нь олон улсын байгууллага зарлаж, баталгаажуулсан нэг жил болж өнгөрлөө. Авлига гэдэгт хэн нэгэн улс төрч, улс төрийн хүчнийг онилж хэлж байгаа зүйл биш. Сүүлийн арван жилд Монгол Улс дэлхийд авлигын индексээр 50 байр ухарсан байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд 10 байраар хойш ухарлаа. Үүний цаана засаглалын асуудал, төрийн өмчийн асуудал, шүүх, шударга ёсны асуудал гэх мэт олон зүйлийн нийлбэр гэж дүгнэхээс өөр аргагүй. 

Бид асуудлыг шүүмжлэх биш, Ардчилсан намыг бүлэг дээр тодорхой шийдэл гаргасан бүтээлч зүйлсийг хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлгүүдийг хийж байна. Авлигатай холбоотойгоор төрийн болон албаны тухай хуульд томоохон өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Дур зоргоороо нууцад авдаг хэм хэмжээг хязгаарлах, ил тод болгох асуудлыг тусгасан хуулийн нэмэлт өөрчлөлтийг Засгийн газарт өргөн барихад бэлэн болж байна. Өөрөөр хэлбэл, системийн авлигыг суурь сууриар нь өөрчлөх шаардлагатай гэж бид үзэж байна.

Ардчилсан намын зүгээс намрын чуулганы төгсгөлөөр Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг өргөн барина гэдгээ мэдэгдсэн. Засгийн газрыг огцруулах хэмжээнээс дээш тооны гарын үзэг цуглуулсан байгаа. Бидний зарчмын шаардлагууд хэвээр байгаа. Эрх баригчид өөрсдийгөө  үнэлж байгаа нь инээдтэй зүйл. Тэднийг ард түмэн үнэлнэ гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.