Э.Батшугар: Ардчилсан нам Хувь хүний мэдээллийн тухай хуулийг зөрчиж байна
Ардчилсан нам иргэдийн хувийн нууц байх ёстой мэдээллүүдийг намынхаа гишүүдийн бүртгэлд ашиглаж байгаа тухай мэдээлэл өнөөдөр цацагдсан. Тус намын цахим хуудсанд иргэд регистрийн дугаараа оруулахад тухайн иргэний бүх мэдээлэл нь гарч байгаа юм. Үүнтэй холбогдуулан Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар:
-Ардчилсан намын төрийн мэдээллийн Хур системээс мэдээлэл татаж Хувь хүний мэдээллийн тухай хуулийг зөрчиж байна. Гэрийн хаяг, регистрийн дугаар бол хүний хувийн мэдээлэл. Хүний хувийн мэдээллийг шууд ил болгож болохгүй. Зайлшгүй иргэнээс зөвшөөрөл авч байж ил болгоно. Мэдээлэл хадгалагч, цуглуулагч тухайн хүнээс "Таны мэдээллийг авах гэж байна. Та зөвшөөрч байна уу" гэж асуух ёстой. Асуухгүйгээр ашиглаж байгаа нь Хувь хүний нууцын тухай хуулийг маш бүдүүлгээр зөрчиж байгаа явдал. Нөгөө талдаа иргэний аюулгүй байдалд ноцтой халдаж байгаа хэрэг. Хувь хүний нууцын тухай хууль, цаашлаад Үндсэн хуулийг зөрчиж байна. Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд "Хүний эцэг эх, өөрийн хувийн мэдээлэл, оршин суугаа байдал хаяг нууц байна. Мөн энэ нууцыг хуулиар хамгаална" гэж заасан гэв.
Одоогийн байдлаар Ардчилсан намаас энэ асуудлаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.