ХХҮЕГ-ын нягтлан бодогч М.Мэндбаяр төсвийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүлэв
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Мэндбаярт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Улмаар Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна.
М.Мэндбаяр нь ХХҮЕГ-т дээрх албан тушаалыг хашиж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагын данснаас мөнгө шилжүүлэн завшсан хэрэгт холбогдсон аж. Тодруулбал, тус газраас бараа материал худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж, хэд хэдэн аж ахуйн нэгжийн данс руу шилжүүлсэн мөнгийг бусад иргэний дансаар дамжуулан авч байсан гэнэ. Тиймээс прокурорын байгууллагаас М.Мэндбаярт өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.