🔴Ч.Лодойсамбуу: Иргэдийн сонгосон сонголт л өнөөдрийн гишүүдийн байгаа байдал. Төрөөр тоглож болохгүй
Эрчим хүчний салбарт үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан салбарын сайдад хариуцлага тооцож, огцруулах шаардлагатай гэж үзэж байна. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнийг Ерөнхий сайд бие даан шийдвэрлэх, сайд нараа томилох онцгой эрхтэй болсон. Тиймээс өнөөдөр үүсээд буй эрчим хүчний хязгаарлалт, салбарын уналтын хариуцлагыг шууд Ерөнхий сайдтай ярих үндэслэлтэй хэмээн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу мэдээлэл өгөв.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
- Манай намын бүлгээс Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргаж, холбогдох бичгийг намын даргад хүргүүлээд байна. Өвлийн хүйтэнд айл өрхүүд тог цахилгаангүй, гал алдах хэмжээнд хүрсэн нь Засгийн газар үндсэн үүргээ биелүүлж чадахгүй байгаагийн илрэл юм. Төр засгийн тэргүүн айл гэрийн эзэн шиг ард иргэдийнхээ аюулгүй байдал, дулаан, хоол хүнсийг нэгдүгээрт тавих ёстой атал энэ үүргээ умартаж байна.
Сүүлийн үед бүх асуудлыг УИХ-ын гишүүд рүү чиглүүлж, тэднийг буруутгах хандлага зориудаар ажиглагдаж байна. Уг нь гүйцэтгэх засаглал буюу Засгийн газар өөрөө хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, шаардлагатай хуулийн төслүүдийг өргөн барих үүрэгтэй. Татвар, нийгмийн даатгалын шинэчлэл зэрэг нийгмийн хүлээлт үүсгэсэн асуудлууд хоёр дахь жилдээ яригдаж байгаа ч Засгийн газар шийдвэртэй алхам хийхгүй, хуулийн төслөө оруулж ирэхгүй байна.
УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлаар нийгэмд шүүмжлэл өрнөж байгаатай холбогдуулан хэлэхэд, гишүүд хуулийн өмнө бусдын адил тэгш эрхтэй. Хэрэв хэн нэгнийг доромжилсон, гүтгэсэн асуудал гарвал иргэд хууль хяналтын байгууллагад хандаж, шүүхээр шийдвэрлүүлэх бүрэн боломжтой. Гишүүний халдашгүй байдал гэдэг нь зөвхөн төрийн үйл ажиллагааны тасралтгүй байдлыг хамгаалахад чиглэдэг болохоос биш, хууль зөрчсөн тохиолдолд байцаалт өгөхгүй, хариуцлагаас мултрах хамгаалалт биш юм.
Сонгогчид сонголтоо хийхдээ хэрсүү хандаж, дөрвөн жилийн хугацаатай томилсон төлөөллийнхөө үр дагаврыг ухамсарлах хэрэгтэй. Төрийн тогтвортой байдал чухал бөгөөд нэгэнт сонгосон бол тэрхүү сонголтынхоо хариуцлагыг хамт үүрэх ёстой. Сошиал орчинд харагдаж буй цөөн тооны хүмүүсээр төрийг бүхэлд нь төсөөлөх нь өрөөсгөл юм. Иргэд мэдээллийн хөөсөнд авталгүй, бодит байдалд дүн шинжилгээ хийж, хийсэн сонголтондоо эзэн байх нь чухал байна.
Ирж буй хаврын чуулган болон цаашдын улс төрийн нөхцөл байдал нэлээд ширүүн байх төлөвтэй байна. Ард иргэдийн амьдрал хүнд, эрчим хүчний дутагдалтай байгаа энэ үед бид зүгээр хараад суух эрхгүй. Биднийг асуудлыг засаж залруул гэж сонгосон тул шаардлагатай хууль тогтоомжийг санаачилж, ажлаа хийж чадахгүй байгаа Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг тууштай тавих болно гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.