"Бишрэлт Металл" багийн эзэн Д.Буян-Өлзий: Цаашдаа хариуцлага, сахилга бат, сонголтоо шинэ түвшинд гаргахын тулд хичээх болно
Сүүлийн гурван жил “Үндэсний дээд лиг”-ийн финалд үлдээд байсан Бишрэлт металл баг Ховд шонхорууд багт хожигдсоноор энэ удаагийн улирлыг дуусгаж, ирэх жил “Хөгжлийн лиг”-т тоглохоор боллоо. Тус баг сүүлийн жилүүдэд лигийн финалд дараалан шалгарч, 2022–2023 оны улиралд Майнерс, 2023–2024 болон 2024–2025 оны улиралд Хүлэгүүдтэй тус тус финалдаж, гурван жил дараалан дэд байрт орж байсан юм.
"Бишрэлт Металл" багийн эзэн Д.Буян-Өлзий өөрийн цахим хуудсаараа дамжуулж дэмжигчдэдээ талархал илэрхийлжээ.
"Бишрэлт Металл" багийн эзэн Д.Буян-Өлзий:
-Бишрэлт Металл баг маань энэ улирлын замналаа энд хүргээд дуусгалаа. Юун түрүүнд эцсийн секунт хүртэл тэмцэж чаддаг хүүхдүүдээрээ маш их бахархаж байна.
Мөн сүүлийн өдрүүдэд манай багтай холбоотой маш олон худал цуу яриа болон таамаг олон нийтийн сүлжээгээр явсантай холбоотойгоор зарим асуудалд тайлбар хийх нь зүйтэй гэж үзлээ.
Бага залуу наснаасаа хар бор ажил хийж, бизнесээ босгосон миний хувьд сагсан бөмбөгийн спортод хөл тавьсан энэ арван жилдээ туг ч барьж, тугал ч хариулж үзлээ. Гэхдээ би байгаль дэлхий сэндийчэж, улс төр хийж, ямарваа нэгэн хууль бус амар хялбар аргаар олсон мөнгөөр багаа босгож бий болгоогүй ээ. Энэ олон жил өөрийн хүч хөдөлмөрөөрөө, үнэнч шударгаар олсон бүхий л зүйлсээ багтаа зориулсаар ирснийг мэдэх хүмүүс нь хэлүүлэлтгүй мэдэх биз ээ. Үүнийг бий болгохын тулд хөлс хүчээ дуслуулан ажилладаг та бүхний мэдэхгүй олон арван хөдөлмөрч хүмүүс бий. Та нартаа үргэлж тадархаж явдаг билээ.
Мөн миний хувьд сагсан бөмбөгийг хүүхэд залуусыг багийн спортоор хичээллэснээр, өөрийгөө ялан дийлж сурах, зөв хүмүүжилтэй болох үндэс суурь гэж үздэг болохоос бизнес биш гэдэг байр суурь дээрээ бат зогссон хэвээрээ байгаа гэдгээ хэлье.
Миний хувьд багийн тамирчид, хүүхдүүд, дүү нарынхаа хувь хүний хүмүүжил, даруу төлөв байдлыг нэн тэргүүнд тавьдаг зарчимтай. Та бүхэн ч багаа ямар хүмүүжилтэй гэдгийг мэдэж байгаа. Хэт өнгө мөнгө хөөсөн, буруу зуршилтай гээд бидний зарчмаас тэс хөндлөн хүмүүс манай багт үлддэггүй. Тиймдээ ч явах нь явж, ирэх нь ирдэг. Энэ үзэл бодол минь хэзээд ийм байсаар ирсэн, цаашдаа ч өөрчлөгдөхгүй.
Энэ улирлын үр дүн бидний хувьд гашуун сургамж байлаа. Үүнд багийн удирдлагуудын хувьд асуудалд илүү хатуу, илүү зарчимч байх ёстой байж. Алдаагаа бид хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ нэг зүйлд үнэхээр бахархаж байгаа нь багийн фэнүүд та бүхэн. Ялагдлын дараа ч заалаа орхилгүй, цахимд ч, талбай дээр ч багтайгаа хамт байсаар ирсэн жинхэнэ фэнүүддээ чин сэтгэлээсээ талархаж байна. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусал гэгчээр бүх цаг хугацаанд үнэнчээр дэмжиж, тоглогчдодоо урам өгч байсан та бүхэндээ баярлалаа. Мөн “Бишрэлт Групп”-ын хамт олондоо баярлалаа.
Хоёр гуравхан жилийн өмнө мөнчгөрөөрөө явахад минь багийн оршин тогтнол, нийт Монголын сагсан бөмбөгийн хөгжлийн төлөө, олон талт ашигтай, урт хугацааны төлөвлөгөөт гэрээг хариуцлагатайгаар үзэглэж, хамтын үйл ажиллагаагаа эхлүүлснээр олон дэвшилтүүд гарсан. Үүнийг тун оновчтой шийдвэр гэж боддогоо дахин хэлье. Бусад хамтран ажиллагч байгууллагууддаа ч баярлалаа. Та бүхний дэмжлэг бидэнд их тус дэм болсон билээ.
Мөн бид энэ улирлыг уналт биш сургамж болгож авна. Хариуцлага, сахилга бат, сонголтоо шинэ түвшинд гаргахын тулд хичээх болно.
Та бүхний итгэл бол бидний хамгийн том хөрөнгө оруулалт юм шүү.
Хүнд үед хамт байсан дэмжичиддээ дахин баярлалаа.
Эцэст нь хэлэхэд, бид хожил хожигдол намайлцаж, фанатууд хөгжөөн дэмжигчдээрээ уйлуулж дуулуулж маркетинг хийж байсан удаагүй, тийм ёс зүйгүй гэдгээ ч хатуу хэлье гэжээ
Зургийн цомог
×
1 / {{
article.get_gallery_count }}
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.