Зургаан гараг нэг шугамд жагсах ховор үзэгдэл тэнгэрт тохионо
2026 оны 2 дугаар сарын 28-ны үдэш одон орон сонирхогчдын хувьд нэгэн онцгой үйл явдал болох гэж байна. Энэ нь "Гарагуудын жагсаал" буюу Нарны аймгийн зургаан гараг тэнгэрт нэг шугамд зэрэгцэн харагдах ховор үзэгдэл юм. Тус үзэгдлийн үеэр Буд, Сугар, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван болон Далайн ван гарагууд дэлхийн тэнгэрт нэгэн зэрэг үзэгдэх бөгөөд энэ нь байгалийн давтагдашгүй дүр зургийг бүтээх ажээ.
Энэхүү гайхалтай үзэгдлийг ажиглахад хамгийн тохиромжтой хугацаа нь нар жаргаснаас хойш ойролцоогоор 30-60 минутын дараа байх болно. Тэнгэрийн баруун хаяанд, алсын харааг хаах өндөр барилга байгууламж эсвэл модгүй, ил задгай газар сонгон ажиглалт хийвэл илүү тод харагдана. Ялангуяа тэнгэрийн хаяа цэлмэг байх нь үзэгдлийг бүрэн дүүрэн мэдрэхэд чухал нөлөөтэй бөгөөд хотын гэрлээс хол газар сонгох нь ажиглалт хийхэд илүү дөхөм байх талтай.
Жагсаалд оролцож буй гарагуудаас Сугар, Буд, Санчир болон Бархасбадь гарагуудыг энгийн нүдээр харах бүрэн боломжтой. Сугар гараг нь хамгийн тод гялалзах тул бусад гарагийг олоход гол баримжаа болох бол Бархасбадь гараг тэнгэрт нэлээд дээр байрлаж, энэ үдшийн хамгийн тод биетүүдийн нэгээр тодрох юм. Харин Буд болон Санчир гарагууд тэнгэрийн хаяанд маш доор байрлах тул анхааралтай ажиглах шаардлагатай бөгөөд тэнгэрийн хаяаг халхлах зүйлгүй байх нь чухал юм.
Хэдийгээр ихэнх гараг энгийн нүдэнд харагдах боловч бүрэн дүр зургийг тольдохын тулд нэмэлт төхөөрөмж хэрэг болно. Тэнгэрийн ван болон Далайн ван гарагууд нь хэт бүдэг тул энгийн нүдээр харах боломжгүй бөгөөд одон орны дуран эсвэл хүчирхэг гар дуран ашиглах шаардлагатай. Далайн ван нь Санчир гарагтай ойрхон, Тэнгэрийн ван нь Бархасбадь гарагийн ойролцоо байрлах тул тэдгээрийг олж харахад харьцангуй хялбар байх магадлалтай.
Энэ удаагийн гарагуудын жагсаал нь өмнөх жилүүдийнхтэй харьцуулахад Ангараг гараг оролцохгүйгээрээ онцлог бөгөөд Сар мөн тэнгэрт үзэгдэж, байгалийн энэхүү ховор үзэгдэлд чимэг нэмэх юм. Мэргэжилтнүүдийн зүгээс нар бүрэн жаргаагүй байхад дурангаар харах нь нүдний хараанд аюултай болохыг анхааруулж, нар тэнгэрийн хаяанаас доош бүрэн орсон хойно ажиглалт хийхийг зөвлөж байна. Энэ нь гэрэл зурагчид болон шинжлэх ухаан сонирхогчдод Нарны аймгийн бүтцийг бодитоор харах ховор боломж юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.