АНУ-ын зүүн хойд бүс нутгийг сүүлийн арван жилд тохиолдоогүй хүчтэй цасан шуурга нөмөрлөө
АНУ-ын зүүн хойд бүс нутагт "Hernando" хэмээн нэрлэгдсэн "Нор-истер" төрлийн хүчтэй цасан шуурга дэгдэж, 59 сая орчим иргэн цаг агаарын аюултай үзэгдлийн сэрэмжлүүлэгт хамрагдаад байна.
Сүүлийн арван жилд бүртгэгдээгүй энэхүү байгалийн гамшигт үзэгдлийн улмаас Нью-Йорк, Нью-Жерси зэрэг хэд хэдэн мужид онц байдал зарлаж, эрх баригчид иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг уриаллаа. Шуурганы голомтод буюу шууд аюултай бүсэд 40 гаруй сая хүн амьдарч байгаа нь нөхцөл байдлын ноцтойг илтгэж байна.
Цаг уурын урьдчилсан мэдээгээр бүс нутгаас хамааран 30-60 см зузаан цас орох төлөвтэй байгаа бөгөөд ялангуяа Нью-Йорк хотод цасны зузаан 70 см хүрэх магадлалтай байна. Салхины хурд цагт 130 км хүртэл ширүүсч, үзэгдэх орчин хязгаарлагдах "whiteout" нөхцөл үүссэн нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж байна. Түүнчлэн далайн эрэг орчмоор усны түвшин огцом нэмэгдэж, Делавар булангаас Кейп Код хүртэлх эргийн бүсэд үер болох эрсдэл нүүрлэжээ.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийн улмаас дэд бүтэц, тээврийн салбар бүрэн зогсонги байдалд ороод байна. JFK, LaGuardia зэрэг томоохон нисэх буудлуудад нийт 5,000 гаруй нислэг цуцлагдаж, Нью-Йорк, Род-Айленд мужуудад зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарлан зөвхөн тусгай албаны автомашинуудыг зорчуулж эхлэв. Мөн хүчтэй салхи, нойтон цасны хүндийн улмаас цахилгааны шугам гэмтэж, одоогоор 150,000 гаруй айл өрх, аж ахуйн нэгж цахилгаан эрчим хүчгүй болоод байгаа бөгөөд энэ тоо цаашид өсөх хандлагатай байна.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Нью-Йорк, Массачусетс зэрэг зургаан мужид Онц байдал зарлаж, мужийн захирагчид иргэдэд тусламж үзүүлэхээр Үндэсний гвардийн ангиудыг дайчлаад байна. Боловсролын байгууллагууд танхимын болон зайн сургалтыг бүрэн цуцалж, "цасны өдөр" буюу бүх нийтийн амралт зарласан нь 2019 оноос хойшхи анхны тохиолдол боллоо. Нью-Жерси мужид сүүлийн 30 жилд анх удаа мужийн хэмжээнд цасан шуурганы анхааруулга өгсөн нь шуурганы цар хүрээг илтгэж байна.
Нью-Йорк хотын захирагч Зоран Мамдани энэ удаагийн шуургыг 1996 оны түүхэн шуургатай дүйцэхүйц аюултай байж болзошгүйг сануулж, иргэдийн аюулгүй байдлыг хангах бүх арга хэмжээг авч байгаагаа мэдэгдэв. Цаг уурчдын мэдээлж буйгаар цасан шуурганы идэвхжил маргааш өглөө хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулсаар байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.