Глобал энх тайвны индекс: Азийн хамгийн аюулгүй таван орны нэгээр Монгол Улс нэрлэгджээ
Австралийн "Эдийн засаг, энх тайвны хүрээлэн"-ээс танилцуулсан 2025-2026 оны "Глобал энх тайвны индекс"-ийн тайлангаар манай улс Ази тивийн хамгийн аюулгүй, тайван таван орны нэгээр шалгарч, түүхэн амжилт үзүүллээ. Дэлхийн 163 улсыг хамруулсан уг жагсаалтад 37-р байрт бичигдсэн нь өмнөх оныхоос найман байраар ахисан үзүүлэлт бөгөөд сүүлийн жилүүдэд гарч байгаагүй өндөр үнэлгээ болж байна.
Бүс нутгийн хэмжээнд авч үзвэл Сингапур, Япон, Малайз, Бутан зэрэг улсуудын араас тавдугаар байрт эрэмбэлэгдсэн нь Зүүн Азийн бүс нутагтаа Вьетнам, Тайвань, Өмнөд Солонгос зэрэг өндөр хөгжилтэй орнуудыг ардаа орхисон явдал байв. Индексийн онооны хувьд 1.719 гэсэн үнэлгээ авсан нь аюулгүй байдлын түвшин өндөр байгааг илтгэж байгаа бөгөөд 2015 онд 2.22 оноотойгоор 42-рт жагсаж байсантай харьцуулахад мэдэгдэхүйц ахиц дэвшил гарчээ.
Олон улсын шинжээчид энэхүү үнэлгээг гаргахдаа дотоод болон гадаад мөргөлдөөнгүй байдал, нийгмийн аюулгүй байдал, цэрэгжилтийн түвшин зэрэг 23 үндсэн шалгуурыг баримталсан байна. Тухайлбал, террорист халдлагын эрсдэлгүй, гадаад зөрчил мөргөлдөөнгүй, батлан хамгаалахын зардал болон зэвсэгт хүчний оролцоо харьцангуй бага байгаа нь эерэг үнэлгээ авахад голлон нөлөөлжээ. Энэхүү үзүүлэлт нь геополитикийн зөрчил нэмэгдэж буй өнөө үед гадаад нэр хүндийг өсгөх чухал хүчин зүйл болж байна.
Гэсэн хэдий ч тайланд дотоод аюулгүй байдлын зарим эрсдэлт хүчин зүйлсийг анхааруулсан байна. Ялангуяа зам тээврийн осол, зөрчил өмнөх онтой харьцуулахад 18.6 хувиар өссөн, кибер залилан болон авлигатай холбоотой гэмт хэргүүд нэмэгдэх хандлагатай байгааг онцолжээ. Мөн гэмт хэргийн улмаас иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох тохиолдол тодорхой хувиар нэмэгдсэн нь цаашид анхаарах шаардлагатай асуудал болоод байна.
Энэхүү жагсаалтад дээгүүр байр эзэлсэн нь аялал жуулчлалын салбарт нэн таатай мэдээ юм. АНУ-ын Төрийн департамент болон Австрали улсаас "Аялахад аюулгүй" буюу хэвийн сонор сэрэмжтэй байх ангилалд хэвээр үлдээсэн нь жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх бодит боломжийг бүрдүүлж байна. Цаашид энэхүү байр сууриа хадгалж, дотоод гэмт хэргийн гаралтыг бууруулж чадвал бүс нутгийн тогтвортой байдлын гол зангилаа орон болох байр сууриа улам бэхжүүлэх боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.