Японы Эзэн хаан Нарүхито 66 нас хүрч, гамшгийн бүс нутгийг сэргээхээ онцоллоо
Японы Эзэн хаан Нарүхито өнөөдөр буюу 2026 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр 66 нас хүрч байна. Тэрбээр төрсөн өдрийн баярын мэндчилгээндээ байгалийн гамшигт нэрвэгдсэн бүс нутгуудын сэргээн босголт болон иргэдийн сэтгэл зүйн байдалд онцгойлон анхаарал хандуулж, ард түмэнтэйгээ үргэлж хамт байхаа илэрхийллээ. Энэ өдөр Япон улсад үндэсний баяр тохиож, бүх нийтээр амарч байгаа бөгөөд Эзэн хааны ордонд баярын уур амьсгал дүүрэн байна.
Эзэн хаан хэвлэлийн бага хурлын үеэр Зүүн Японы их газар хөдлөлт, цунами болсны 15 жилийн ой болон Күмамотогийн газар хөдлөлтийн 10 жилийн ой энэ онд тохиож буйг сануулсан юм. Дэд бүтэц сэргэж байгаа хэдий ч иргэдийн амьжиргаа, орон нутгийн харилцааг бүрэн сэргээх шаардлагатайг тэмдэглээд, "Гамшигт нэрвэгдсэн хүмүүсийн сэтгэлийн шарх одоо ч бүрэн эдгээгүй байна" хэмээн харамсаж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр гамшгийн хор уршгийг даван туулахад сэтгэл зүйн дэмжлэг чухал болохыг онцолсон байна.
Токио хот дахь Эзэн хааны ордонд уламжлалт "Иппан-санга" буюу олон нийттэй мэндчлэх ёслол ёслол төгөлдөр болж өнгөрлөө. Эзэн хаан Нарүхито, Хатан хаан Масако, гүнж Айко болон Угсаа залгамжлах хунтайж Акшиногийн гэр бүлийнхэн ордны тагтан дээр гарч, цугласан олонд мэндчилгээ дэвшүүлэв. Мянга мянган иргэд төрийн далбаагаа намируулан Эзэн хаандаа эрүүл энх, урт удаан наслахыг ерөөсөн нь энгийн иргэд ордны дотоод хэсэгт нэвтрэх боломжтой цөөхөн өдрүүдийн нэгд тохиосон онцлох үйл явдал байв.
Ирээдүйн үйл ажиллагааныхаа хүрээнд Эзэн хаан энэ хавар Иватэ, Мияги, Фүкүшима мужуудад, харин ирэх намар Күмамото мужид биечлэн очихоор төлөвлөжээ. Эдгээр айлчлал нь сэргээн босголтын бодит явцтай танилцах, орон нутгийн иргэдэд урам зориг өгөх зорилготой бөгөөд тэрбээр ард иргэдийнхээ баяр баясгалан, зовлон зүдгүүрийг хуваалцахаа дахин батлан харуулж байна. Мөн өөрийн охин Айког түүх, уламжлалыг өвлүүлэн үлдээх үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дурджээ.
Эзэн хаан Нарүхитогийн 66 насны ой нь зөвхөн баярын өдөр бус, харин ард түмнийхээ эв нэгдэл, ирээдүйн сайн сайхны төлөөх итгэл найдварыг бэхжүүлсэн үйл явдал болж байна. Түүний хэлсэн үг болон төлөвлөсөн ажлууд нь байгалийн гамшгийн дараах нийгмийн сэргэлтэд төрийн тэргүүний зүгээс үзүүлж буй тасралтгүй анхаарал халамжийн илэрхийлэл боллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.