Оросын арван өдрийн төлөвлөгөө дөрвөн жил үргэлжилсэн дайн болон хувирлаа
Орос улс Украин руу довтолсноос хойш яг дөрвөн жил өнгөрч байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2022 оны хоёрдугаар сарын 23-нд ОХУ, Украин руу довтолж байсан билээ.
Кремль анх Киевийг арав хоногийн дотор эзэлж, засгийн газрыг солихоор төлөвлөж байсан ч энэ нь орчин үеийн түүхэн дэх хамгийн том стратегийн алдаа болж хувирлаа. Өнөөдөр энэ мөргөлдөөн Дэлхийн II дайнаас хойшхи Европ дахь хамгийн их цус урсгасан, хамгийн удаан үргэлжилсэн дайн болоод байгаа бөгөөд төгсгөл нь хараахан харагдахгүй байна.
АНУ-ын Стратегийн болон олон улсын судалгааны төв (CSIS)-ийн тооцоолсноор Оросын талын хохирол буюу амь үрэгдсэн, шархадсан, сураггүй алга болсон цэргийн тоо ойролцоогоор 1.2 саяд хүрчээ. Энэ дайн 1460 гаруй хоног үргэлжилж байгаа нь Зөвлөлт Холбоот Улс Нацист Германыг ялсан "Аугаа их эх орны дайн"-ы хугацааг ч давсан үзүүлэлт юм. Оросын арми Хар тэнгисийн флотын тэргүүн хөлөг "Москва" тэргүүтэй 29 тэнгисийн цэргийн хөлөг онгоц, 360 гаруй цэргийн нисэх онгоцоо алдсан нь орчин үеийн зэвсэгт мөргөлдөөнд урьд хожид үзэгдээгүй техник хэрэгслийн хохирол болж байна.
Кремлийн стратеги НАТО-г сулруулах зорилготой байсан ч эсрэгээрээ Финланд, Швед улсууд тус эвсэлд нэгдэж, Европ тив улам нягтарлаа. Эдийн засгийн хувьд Орос улс дайны зардалд жилд ойролцоогоор 250 тэрбум евро зарцуулж байгаа нь дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь 8 хувийг эзэлж байна. Олон улсын валютын сангаас Оросын эдийн засгийн өсөлтийг 2026 онд ердөө 0.8 хувь байна гэж таамагласан нь тус улс урт хугацааны эдийн засгийн зогсонги байдалд орсныг илтгэж байгаа юм.
Дайны дөрвөн жилийн ойн босгон дээр нөхцөл байдал улам хурцадсаар байна. Тухайлбал, Львов хотод болсон халдлагын үеэр 23 настай цагдаагийн ажилтан амь үрэгдэж, Киев болон Одесс хотууд руу 300 гаруй дрон, 50 пуужингаар довтолжээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский "Оросын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхий нийтийг Дэлхийн III дайн руу түлхэж байна" гэж анхааруулж, олон улсын хамтын нийгэмлэгээс аюулгүй байдлын баталгаа шаардсаар байна.
Одоогоор энхийн хэлэлцээ зогсонги байдалд орж, Орос улс Украины дөрвөн бүс нутгийг өөртөө нэгтгэх "хамгийн дээд шаардлага"-аасаа ухрахгүй байна. Украины эрчим хүчний дэд бүтцийн ихэнх хэсэг сүйдэж, өвлийн улиралд иргэд цахилгаангүй, хүнд нөхцөлд амьдарч байгаа ч Киевийн эсэргүүцэл сулрах шинжгүй байна. Энэхүү "үхлийн алдаа" нь зөвхөн хоёр улсын бус, дэлхийн геополитикийн ирээдүйг тодорхойлох урт хугацааны мөргөлдөөн болон хувирчээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.