“Юнивишн”-ээс кино хулгайлсан хүмүүсийн гэм бурууг дэнслүүлнэ
Монгол Улсад цахим технологи хөгжиж, үүрэн холбооны сүлжээнд суурилсан “Ай пи ти ви” (IPTV)-гийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжүүд ч олширсон. Гэвч тэдний ашигладаг платформын хамгаалалтын системийн сул талыг ашиглан эвдэж, бусдын оюуны өмч болох кино, контентыг нь хуулбарлан цахим орчинд байршуулсан нэг бус хэрэг гараад байна. Эдгээрийг цагдаагийн байгууллагад шалгаж, холбогдогчдод нь Нийслэлийн прокурорын газар (НПГ)-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Тухайлбал, Б.Алтанцогт гэх залуу “Юнивишн”-ээс 30 гаруй төрлийн кино, контент хуулбарлан авч, телеграм сүлжээнд байршуулсан хэрэгт холбогдсон аж. Түүнд Эрүүгийн хуулийн 26.1-2 дахь хэсгийн “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг хуулбарлаж авсан” хэмээн НПГ-ын хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдэн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна.
Өөрөөр хэлбэл, Б.Алтанцогт гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авсан гэнэ. Мөн иргэн А.А нь өөр нэгэн IPTV-гийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн хамгаалалтын системийг эвдэж, 130 гаруй төрлийн кино, контент хуулбарлаж авсан үйлдэлд дээрх зүйл заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлээд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.