Д.Тогтохсүрэнгийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалж батлан даалтад гаргах захирамжийг шүүгч Б.Халиун гаргав
“Эрдэнэс критикал минералс” буюу хуучнаар "Монголросцветмет" ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнг албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулж өнгөрсөн сарын сүүлчээс АТГ-ынхан хойшлуулшгүйгээр албадан саатуулж шалгаж эхэлсэн билээ. Улмаар 30 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байв.
Тэгвэл Д.Тогтохсүрэнгийн өмгөөлөгч Цагаан сарын өмнө үйлчлүүлэгчээ батлан даалтад гаргах хүсэлт Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн аж. Тус шүүхийн шүүгч уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан байна. Уг захирамжийг эс зөвшөөрч Д.Тогтохсүрэнгийн өмгөөлөгч нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиунд гомпол гаргасан гэнэ. Уг гомдлыг шүүгч Б.Халиун энэ сарын 16-нд хянан хэлэлцээд яллагдагч Д.Тогтохсүрэнгийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ. Улмаар түүнийг Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хэргийн бусад оролцогчидтой уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. Мөн Д.Тогтохсүрэнд хятадуудын хахуулийг зуучлан өгсөн Б.Гантулгын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилээр гарахыг нь хязгаарлажээ.
УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан, өдгөө “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар томилогдоод буй Д.Тогтохсүрэнг Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн”, 22.4-3-ын нийтийн албан тушаалтан хахууль авсан, 22.10-1-ийн нийтийн албан тушаалтан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх заалтын дагуу яллагдагчаар татаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Д.Тогтохсүрэнгийн оролцоо, хамааралтай байж болзошгүй аж ахуйн нэгж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс тээврийн үйл ажиллагаанд оролцож, өндөр дүнтэй ашиг олдог байх магадлалтай гэх баримт хууль сахиулах байгууллагынханд ирсэн байдаг. Мөн БНХАУ-ын аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтнаас дээрх Б.Гантулгаар дамжуулан их хэмжээний хахууль авсан хэрэгт буруутгагдаж буй. Д.Тогтохсүрэнд хахууль өгсөн гэх хятад, монгол иргэд үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэх мэдээлэл байгаа юм.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.