Байгаль нуурт жуулчдын машин живж, БНХАУ-ын долоон иргэн амиа алджээ
ОХУ-ын Эрхүү мужийн Байгаль нуурын Ольхон арлын орчимд жуулчдыг тээвэрлэж явсан "УАЗ" маркийн автомашин мөс цөмөрч живсэн ноцтой осол гарчээ. Хоёрдугаар сарын 20-ны өдөр болсон уг ослын улмаас БНХАУ-ын долоон иргэн амиа алдсан бөгөөд аврах багийнхан хохирогчдын цогцсыг нуурын 18 метрийн гүнээс гаргаж авсан байна. Амиа алдсан жуулчдын дунд нэг гэр бүлийн дөрвөн хүн байсан бөгөөд 14 настай хүүхэд байжээ.
Эмгэнэлт явдал Ольхон арлын хойд хэсэгт байрлах "Хобой" хошууны ойролцоо болсон байна. Тухайн үед цаг агаар дулаарсны улмаас мөсөнд ан цав үүссэн байсан ч жолооч аюулгүй байдлын дүрмийг зөрчин хориотой бүсээр зорчиж байжээ. Орон нутгийн удирдлагуудын мэдээлснээр тухайн хэсэгт мөсөн зам албан ёсоор нээгдээгүй, тээврийн хэрэгсэл зорчихыг хатуу хориглосон тэмдэглэгээтэй байсан ч жуулчдыг тээвэрлэж явсан машин эрсдэлтэй алхам хийсэн нь ийнхүү олон хүний амь насанд хүрчээ.
Автомашинд нийт 8-9 хүн зорчиж явсан гэх мэдээлэл байгаа бөгөөд тэдний ихэнх нь Хятад улсын жуулчид байжээ. Аврах ажиллагааны үеэр нэг жуулчин машин живж эхлэх үед цонхоор гарч амьд үлдсэн байна. Амьд үлдсэн иргэнийг яаралтай аварч, эмнэлгийн тусламж үзүүлсэн бол бусад зорчигчид болон жолооч харамсалтайгаар амиа алджээ. ОХУ-ын Онцгой байдлын яамны шумбагчид ослын газарт шуурхай ажиллаж, эрэн хайх ажиллагааг гүйцэтгэсэн байна.
ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос уг хэрэгт холбогдуулан аюулгүй байдлын шаардлага хангаагүй үйлчилгээ үзүүлсэн, олон хүний амь нас хохироосон гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Мөн Иркутск хот дахь БНХАУ-ын Ерөнхий консулын газар ослын дараа шуурхай штаб байгуулж, Оросын талтай хамтран хохирогчдын ар гэрийнхэнд туслалцаа үзүүлэх, цогцсыг эх оронд нь буцаах зэрэг шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.
Энэ нь 2026 он гарснаас хойш Байгаль нуурт гадаадын жуулчид осолдсон хоёр дахь тохиолдол болж бүртгэгдлээ. Хэдийгээр хоёрдугаар сар нь өвлийн аялал жуулчлалын оргил үе боловч энэ жил цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалан мөсний зузаан хангалтгүй, тогтворгүй байгааг мэргэжилтнүүд онцгойлон анхааруулж байна. Иймд жуулчдыг албан ёсны зөвшөөрөгдсөн замаас гарахгүй байх, мөсөн дээр хүнд даацын автомашинаар зорчихгүй байхыг холбогдох албанаас хатуу санууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.