Арсеналын од Зинченко Монгол тоглогчийг багтаа урилаа
Senzu буюу М.Азбаяр Европын Passion UA багт зээлээр шилжин тоглохоор боллоо.

The Mongolz багийн "хуучин цэрэг" Senzu үзэгч, фенүүдээ удаан хүлээлгэсний эцэст Passion UA багт тоглохоор болсон байна. Тус багийг Украины алдарт хөлбөмбөгчин, Английн "Арсенал" болон "Манчестер Сити" багт тоглож байсан Олександр Зинченко 2023 онд байгуулсан. Тэрээр өөрөө Counter-Strike-ийн хорхойтон бөгөөд багийнхаа зарим тоглолтод сэлгээгээр орж тоглож байсан удаатай. Хэдийгээр Украинаас гаралтай ч одоо олон улсын баг хэмээн тодорхойлбол зохилтой. Учир нь тус багийн бүрэлдэхүүнд АНУ, Израйл, Украин, Аргентин, Өмнөд Африк, Монгол гэсэн улсын тамирчид багтаж байна.
The Mongolz багийн хувьд өнөөдөр буюу хоёрдугаар сарын 14-ний өдөр PGL Cluj-Napoca 2026 тэмцээний эхний тоглолтоо Бразилын paiN Gaming багтай хийнэ (Улаанбаатарын цагаар 14-нөөс 15-нд шилжих шөнийн 01:00 цагт). Senzu-гийн орсон Passion UA баг тус тэмцээний урьдчилсан шатанд харамсалтайгаар хожигдсон юм. Харин хоёр баг Ази болон Европын бүсээсээ эрхээ авч чадвал дөрөвдүгээр сард Бразил улсад зохион байгуулагдах IEM Rio 2026 тэмцээнд "нүүр тулах" боломжтой юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.