Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгджээ

Оюу толгой төслийн Монгол Улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгджээ

 “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал, “Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх, Санхүү эрхэлсэн дэд захирал Б.Дуламсүрэн, Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Эндрью Лая нар Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатартай пүрэв гарагт (2026.02.12) уулзаж, Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксоны хариу захидлыг гардуулан өгөв.

Энэ үеэр талууд өнгөрсөн онд эхлүүлсэн хэлэлцээний явц болон Оюу толгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай Ерөнхий сайд Г.Занданшатарын захидалдаа тусгасан асуудлуудын талаар ярилцлаа.

viber image 2026 02 12 13 32 01 4193

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулийн суурь зарчмын дагуу Оюу толгой төслийн өгөөжийн дийлэнх хувь Монголын ард түмэнд ногдох, зээлийн хүү болон менежментийн зардал бууруулах асуудлаар бодит үр дүн гаргах шаардлагатайг хэлэв.

Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт Ерөнхий сайд Г.Занданшатарт энэ оны 2 дугаар сарын 05-ны өдөр илгээсэн захидалдаа Оюу толгойн үйл ажиллагааг урт хугацаанд амжилттай, тогтвортой явуулах талуудын нэгдмэл ашиг сонирхолд тулгуурласан нээлттэй, үр дүнтэй яриа хэлэлцээг үргэлжлүүлэх байр суурь хэвээр байгаагаа нотолсон.

viber image 2026 02 12 13 31 52 8152

Рио Тинто Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Кейти Жаксон хариу захидалдаа Монгол Улсын Ерөнхий сайдын 67, 68, 73 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүд Рио Тинтотой “Оюу толгой” ХХК-ийн асуудлаар хэлэлцээ хийж буйг бүрэн дэмжиж, бодит үр өгөөжид тулгуурлан идэвхтэй хамтран ажиллаж буй талаар дурдсан байна. Мөн Оюу толгойн уурхайн ашиглалтын хугацаанд нийт өгөөжийн дийлэнх нь Монгол Улсад үлдэх буюу Үндсэн хуульд заасан 53 хувиас доошгүй байх хэмжээнээс өндөр байна. Зээлийн хүү болон менежментийн зардлыг бууруулах тодорхой саналуудыг Ажлын хэсэгт хүргүүлсэн бөгөөд үүний үр дүнд Монгол Улсын өгөөжийг нэмэгдүүлэхэд шууд нөлөө үзүүлнэ гэжээ.

viber image 2026 02 12 13 31 50 991

“Оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Засгийн газрын тавьсан асуудлуудтай зарчмын хувьд санал нэг байгаагаа илэрхийлж, төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх тал дээр идэвхтэй хамтран ажиллаж буйгаа илэрхийлэв.

Ерөнхий сайд Г.Занданшатарын гаргасан саналын дагуу хэлэлцээг эрчимжүүлж, асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэн энэ оны эхний хагаст багтаан эцэслэн шийдвэрлэхээр талууд санал нэгдэв.

viber image 2026 02 12 13 31 51 8361

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.