“Петрочайна дачин Тамсаг” ХХК байгаль орчинд учруулсан хохирлоо төлөх нь
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д холбогдох хэргийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэлээ.
Тэдний гомдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1-1 дэх хэсэгт заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарахгүй гэж Дээд шүүхийн шүүгч нар үзээд шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал хуулийн дагуу хүчин төгөлдөр болж байна.
Дорнод аймгийн Халхгол, Матад сумын нутаг, газрын тосны XIX, XXI талбайд үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна дачин Тамсаг” ХХК нь Монгол Улсын Засгийн газартай байгуулсан Бүтээгдэхүүн хуваах гэрээнд “Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших газрын тосны XXI талбайгаас Баянхошуу боомт чиглэлийн авто замтай холбогдох 58.5 км засмал зам барьж ашиглалтад оруулна” хэмээн тусгасан байдаг.
Гэвч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, хүнд даацын автомашинууд нь олон салаа зам гарган байгаль орчинд хохирол учруулсан. Үүнээс гадна XIX талбайн 2016-2020 онд газрын тосоор бохирдсон хэсгийг цэвэрлэхдээ шороон замаар тээвэрлэснээс болж Халхгол сумын нутагт 80 гаруй метр өргөн, 58.5 км урт 8-20 салаа зам бий болж, хөрсний доройтол, тоосжилт үүсгэсэн. Ингэснээр орчны бохирдол ихсэж, экологийн тогтолцоог алдагдуулан 443.4 га талбайд хохирол учруулсныг шинжилгээний байгууллагаас тогтоон байгаль орчинд 2.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн байдаг.
Үүнээс гадна Аюултай хог хаягдлын жагсаалтад багтсан газрын тосны боловсруулах үйл ажиллагаанаас үүссэн хаягдлыг зориулалтын бус газарт хаясны улмаас 2021 оны наймдугаар сараас хойш хөрсөнд 70 см гүн нэвчиж, 2800 ам метр талбайг бохирдуулж, экологид 5.4 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгасан юм. Тиймээс НПГ-аас “Петрочайна дачин Тамсаг” ХХК-д Эрүүгийн хуулийн 20.11-3 дахь хэсгийн “Хүний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлөх аюултай хог хаягдал, химийн хорт, аюултай бодисыг зориулалтын бус газар хаясан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс үйлдсэн”, 24.9-2-т заасан байгалийн тэнцэл алдуулах гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, түүнийг ашиг сонирхлын төлөө үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн юм.
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх “Петрочайна дачин Тамсаг” ХХК-ийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жил хасан, 300 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Түүнчлэн байгаль орчинд учруулсан хохирол 2.2 тэрбум төгрөгийг гаргуулахаар болсныг Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр нь үлдээсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.