Хуурамч валютаар иргэдийг мэхэлж байсан хүмүүсийг баривчиллаа

Хуурамч валютаар иргэдийг мэхэлж байсан хүмүүсийг баривчиллаа

Гадаад валют хуурамчаар их хэмжээгээр хэвлэн борлуулж байсан хүмүүсийг Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн энэ сарын 10-нд саатууллаа.

34 настай Б.Э гэх залуу 33 настай А.А гэх эмэгтэйтэй хамтарч өмнөд хөршийн мөнгөн тэмдэгт болох 100 юань 148 558, АНУ-ын 100 долларын дэвсгэрт 1614 ширхэг, нийт 7.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют хуурамчаар хэвлэн, иргэдийг төөрөгдүүлэн борлуулж, гүйлгээнд оруулсан аж. Дээрх хоёр хүн хуурамчаар хэвлэсэн их хэмжээний гадаад валютаа оройн цагаар гэрэл муутай орчинд үзүүлэх, гэрэл зургийг нь чатаар явуулах, гүйлгээ амжилттай гэх интернэт банкны хуурамч шилжүүлгийн баримт харуулах зэргээр хүмүүсийг төөрөгдүүлж байж. Мөн мөнгө зээлж, тохиромжтой үед хуурамч валютаа солиулахаар завдах зэргээр бусдыг залилдаг нь тогтоогдоод буй юм.

Тэд орон сууц, хаус, “Ланд круйзер-300” загварын тээврийн хэрэгсэл, 9911-ээр эхэлсэн гар утасны дугаар зэргийг түрээслэн ашиглаж,  итгэл төрүүлэх замаар иргэдэд их хэмжээний хохирол учруулжээ. Тиймээс хуурамч нөхцөл байдалд авталгүй, өөрийн мөнгийг бусдад шилжүүлэхгүй байх, гүйлгээ хийсэн тохиолдолд интернэт банканд нэвтэрч шалгах, хуурамч мөнгөн дэвсгэрт, эсэхийг нягталж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.